Ирэх оны эхээр явагдах Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд 5 нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон байна. Тус улсын Сонгуулийн төв хороо даваа гаригт ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтыг баталж, одоогийн ерөнхийлөгч А.Лукашенког оролцуулаад нийтдээ 5 хүн сонгуульд оролцох боломжтой болсон байна.
Беларусь улсын Сонгуулийн төв хороо 2025 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг дэмжсэн иргэдийн гарын үсгийн тоог тоолсны дараа, нэр дэвшигчдийн жагсаалтыг баталгаажуулжээ.
2025 оны Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн төрийн тэргүүн Александр Лукашенко, Либерал-ардчилсан намын дарга Олег Гайдукович, Хөдөлмөр болон шударга ёсны намын дарга Александр Шижняк, Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Сергей Сыранков, бизнес эрхлэгч Анна Канопатская гэсэн 5 нэр дэвшигч өрсөлдөхөөр боллоо.
Беларусь улсын ээлжит ерөнхийлөгчийн сонгууль 2025 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр явагдах бөгөөд хуулийн дагуу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч ерөнхийлөгчөөр шууд сонгогдох болно. Харин аль нэг нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал аваагүй тохиолдолд хоёр дахь шатны санал хураалтад хамгийн өндөр саналтай хоёр нэр дэвшигч өрсөлдөж, олонхийн санал авсан нэр дэвшигч ялах юм.