Багш яагаад харгис аашилдаг вэ?


Ер нь ямар ч хүн бухимддаг. Ямар нэгэн асуудал гаргадаг. Үүнийгээ хүн бүр янз бүрээр гаргадаг. Олонх нь уурлаж, бухимдаж, уцаарлана. Хүн зодож, бухимдлаа тайлдаг хүмүүс ч бий. Тийм хүмүүс боловсролын салбарт олон байгаа нь айдас төрүүлэх боллоо.

Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Архангай аймгийн хоёрдугаар сургуулийн багш. Түүний 3-р ангийн хүүхдийг цохиж зодож буй бичлэг олон нийтийг цочирдуулав. Хэний ч хүүхдийг багш нь тэгж хэрцгийгээр зодвол эцэг эхэд, хүүхдэд хүнд тусна. Зөвхөн энэ явдал ч биш. Өмнө нь цэцэрлэгийн багш нар хэд хэдэн удаа бяцхан хүүхдүүдийг зодож байгаа бичлэг ил болж, эцэг эхчүүдийг цочирдуулсан. Багш бол хүн учраас уурлаж бухимдаж л таарна. Гэхдээ хэчнээн хэцүү байсан ч хүүхдэд гар хүрч болохгүй.

Хүүхэд зодсон багш нар тухайн үедээ юу хийснээ ч мэддэггүй. “Өөрийн мэдэлгүй тийм зүйл хийсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх зэргээр дараа нь ярьдаг. Юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа тэр багш хүүхдийг албал яана. Уурын мунхгаар ухаанаа алдсан хүн юу ч хийж мэднэ гэдгийг бид бичлэгээс харж байна. Бичлэг байгаагүй бол үнэмшихийн аргагүй.

Багш нар яагаад ийм хэрцгий болов.Энэ тухай бид хэд хэдэн багштай ярилцлаа. Гэхдээ багш нарын нэр, зураг, сургуулийг нууцлав.

Багш А: Ер нь сүүлийн үед хүүхдүүдийн харилцаа, хандлага эрс өөр болсон. Ялангуяа дунд ангийн хүүхдүүд багшийн шаардлагыг хүлээж авдаггүй. Үг сөрнө. Өөдөөс хэдэрлэнэ. Тайлбар тавина. Жаахан чанга дуугарвал утсаа гаргаад ирдэг. Цаг үеэ дагаад ч тэр юм уу, зарим хүүхэд эрс өөр болсон. Заримдаа үнэхээр бачуурмаар үе гардаг.

Өөр нэгэн багш: Би салбартаа 10 жил ажиллаж байна. Мэргэжилдээ их дуртай. Сүүлийн үед багш нартай холбоотой олон асуудал гарч байгаад эмзэглэдэг. Намайг анх багш болж байхад ийм асуудал гарч байгаагүй. Багшийг их хайрладаг, хүндэлдэг байсан. Гэхдээ сүүлийн үед гарч байгаа сөрөг мэдээллүүдээс болж, багшийн нэр хүнд унаж байна. Уг нь багш болгон ийм биш шүү дээ.

Багш Л: Мэргэжлээрээ ажиллаад 4 жил болж байна. Дунд ангид хичээл ордог. Сургуулийн туршлагатай багш нараасаа суралцаад л явж байна. Гэхдээ залуу багш нарыг элэг барих үе байдаг. Эцэг эхчүүд үл ойшоосон байдалтай “Манай дүү шиг хүүхэд хичээл зааж чадах юм болов уу” гэх зэргээр ярьдаг. Харин зарим хүүхэд үе тэнгийн юм шиг харьцдаг ч үе бий. Ялангуяа сүүлийн үед хүүхдүүд электрон тамхи татдаг болсон. Ангид ороод ирэхээр л дүүрэн утаа, цахилгаан тамхины үнэр шингэсэн байдаг. Шаардлага тавихаар өөдөөс ам зөрдөг.

Багш Н: Нэг ангид 40-50 хүүхдэд хичээл ордог болохоор ачаалал их. Бага насны хүүхдүүд сууж сураагүй, хөдөлгөөн ихтэй байдаг. Нэлээн юм болж байж тэднийг суулгана. Суулгасны дараа хичээлээ ойлгуулах гэж үзэж тарна. Ер нь заримдаа багшийн тэвчээр алдагдах үе бий. Зөвхөн бага ангийн багш ч гэлтгүй олон багш ачааллаас болж сэтгэл зүйн хямралд ордог.

Багш нар ингэж ярилаа. Сүүлийн үеийн хүүхдүүд эрхээ мэддэг атлаа үүргээ мэддэггүй юм байна. Тэгвэл хүүхдүүд яагаад багшийнхаа өөдөөс тайлбар тавьж, зарим багштай үе тэнгийн юм шиг харьцдаг болов. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт багшийн заах арга барил, багшийн туршлага, чадвар дутагдалтай байж болно. Нөгөө талаар хүүхдийн ар гэрийн хүмүүжил, харилцаа хандлагаас шалтгаалдаг байна. Ерөнхийдөө гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг багш, сурагч аль алинд нь асуудал байна.

Хүүхдэд гар хүрч, биед нь халдаж байгаа нь уучилж болохгүй асуудал ч нөгөө талаар багшийн үгэнд ордоггүй, тэвчээр алдагдмаар байдалд оруулдаг хүүхдүүд байдаг нь үнэн. Ийм байдлаас болоод багш нар сэтгэлээр унаж, нийгэмд гадуурхагдаж байна. Бид багш нараас хэт их ёс зүй нэхдэг. Багш хүн ингэж болохгүй, тэгж болохгүй гэж өмнөөс нь заана. Гэтэл багш нар ч мөн хүн. Бусдын адил бухимдаж, уур уцаараа ил гаргахыг хүсдэг. Гэвч хүүхдэд, тэр тусмаа харгис аргаар гаргаж болохгүй.

Эмч хүн ч бухимддаг. Тэглээ гээд өвчтөнөө зоддоггүй. Зодох гэвэл харин ч зодуулж мэднэ. Багшийн өмнө хүүхэд байдаг учраас, тэр нь биеэ хамгаалах чадваргүй болохоор, багшийг буцаагаад зодож чадахгүй учраас багш нар сурагчаа зоддог юм биш үү? Архангайн 2-р сургуульд камер байгаад, зодуулсан хүүхдийн ээж нь бас багш учраас тэр бичлэгийг олж авчээ. Хэрвээ уг хүүхдийн ээж багш биш байсан бол тэр бичлэгийг олж авч чадахгүй, багш нар булхайгаа нуух гээд устгачих байлаа. Хүүхэд өөрийгөө хамгаалж чадахгүй учраас багш нар харгис аашилдаг юм биш үү? Ил гарч байгаа нь энэ. Далд хүчирхийлэлд хэчнээн хүүхэд өртсөн бол? Тэгвэл цаашид багш нарын сэтгэл зүйн асуудалд Боловсролын яам анхаараач ээ. Далд хүчирхийллийг багш нар үйлдэж болохгүй биз дээ!

, , ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *