Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Баянтэс суманд -41.3 хэм хүйтэн хонолоо. Тус сум одоогоор Монгол орны хамгийн хүйтэн цэг болоод байна.
Тэгвэл хамгийн дулаан хоносон газар нь Дорноговь аймгийн Хөвсгөл, Улаанбадрах сум болов. Эдгээр суманд -15.9 хэм хүйтэн хоножээ.
Их Нууруудын болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -33…-41 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Тэрэлж голын хөндийгөөр -26…-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -16…-22 градус, бусад хэсгээр -23…-26 градус хүйтэн хонов.
Өчигдөр өдөр хамгийн дулаан байсан газар нь Өмнөговь аймгийн Ханбогд сум. Энд -4.6 хэм хүйтэн байв. Ховд аймгийн Цэцэг суманд өчигдөр өдөр -28.2 хэм хүйтэн байсан нь өдрийн хамгийн хүйтэн газар боллоо.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр өчигдөр өдөр -21…-28 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Туул голын хөндийгөөр -16…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байв.
Cалхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 16-18 метр, Алтайн өвөр говиор 24 метр хүрч ширүүссэн байна.
Хур тунадас: Өнгөрсөн хоногт нутгийн хойд хагаст 0.0-4.0 мм цас орсон байна. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 4.0 мм, Увсын Малчинд 3.0 мм, бусад хэсгээр 0.0-2.0 мм цас орсон байна.
Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0-23 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Баянхонгорын Гурванбулагт 23 см, Увсын Улаангом, Хяргас, Малчин, Завханы Баянхайрханд 15 см, Баянхонгорын Жаргалант, Сэлэнгийн Хүдэрт 14 см, бусад хэсгээр 0-13 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.