ОХУ-д гэр бүлийн хамтаар улс төрийн орогнол хүсэн амьдарч байгаа Сирийн татан буугдсан ерөнхийлөгч Башар аль-Ассадын эхнэр Асма аль-Ассад гэрлэлтээ цуцлуулж, Оросоос явах хүсэлтэй байгаа тухай сүүлд цацагдсан мэдээллийг Кремлийн зүгээс үгүйсгэжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков Б.Ассадын эхнэрийг гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргаагүй гэдгийг мэдэгдсэн байна. Мөн тэрээр Б.Ассадыг Москвад гэрийн хорионд байгаа, түүний эд хөрөнгийг царцаасан гэх мэдээллүүдийг няцаажээ.
Өдгөө 49 настай, Их Британид төрж өссөн Асма аль-Ассадыг эр нөхрөөсөө салж, гэрлэлтээ цуцлуулж, Лондон явах хүсэлт гаргасан, Б.Ассадын гэр бүл Москвад маш хүнд нөхцөл байдалд амьдарч байгаа талаарх мэдээллийг анх Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн ням гаригт цацсан юм.
Хэдийгээр хатагтай Асма аль-Ассад Сири болон Британийн хоёр иргэншилтэй боловч Их Британийн гадаад хэргийн төрийн нарийн бичгийн дарга Дэвид Лэми түүнийг Их Британид нэвтрэх боломжгүй талаар өмнө нь хэлж байсан удаатай.
Хатагтай Асма аль-Ассад 2000 онд Сирид нүүж очиж байсан бөгөөд Башар Ассадыг эцгээсээ төрийн удирдлагыг шилжүүлэн авч, Сирийн ерөнхийлөгч болсноос ердөө хэдхэн сарын дараа түүнтэй 25 насандаа гэрлэж байсан ажээ. Тэрээр 24 жилийн турш Сирийн тэргүүн хатагтай байхдаа барууны хэвлэлүүдийн сонирхлыг ихэд татдаг эмэгтэй юм. Мөн тэрээр 2018 онд хөхний хорт хавдрын хагалгаанд орж, жилийн дараагаар бүрэн эдгэрч байсан байна. Харин энэ оны 5-р сард цус багасах өвчинтэй нь тогтоогдож, эмчилгээ хийлгэж эхэлсэн бөгөөд тухайн үед түүнийг хэсэг хугацаанд олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй хэмээн мэдэгдэж байсан юм.