Майя Санду Молдов улсын төрийн тэргүүний албыг хоёр дах удаагаа хашихаар боллоо


Мягмар гаригт Молдов улсын нийслэл Кишинёв хотноо тус улсын парламент болон Үндсэн хуулийн цэцийн хамтарсан хуралдаан зохиогдож, энэ үеэр Бүгд Найрамдах Молдов улсын төрийн тэргүүнээр дахин сонгогдсон Майя Санду-гийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо.

Өмнө нь Дэлхийн банкны зөвлөхөөр ажиллаж байсан, өдгөө 52 настай Майя Санду тангараг өргөснийхөө дараагаар түүнд итгэл хүлээлгэж ерөнхийлөгчөөр сонгосон явдалд нийт ард түмэндээ талархал илэрхийлээд, төрийн тэргүүний албыг хоёр дах удаагаа хашихдаа “даруу төлөв хийгээд зорилготой шийдэмгий байдлаар ажиллах болно” хэмээн хэлжээ.

Мөн тэрээр ерөнхийлөгчөөр ажилласан өмнөх  4 жилийн хугацаанд олон хямралтай тулж, даван гарснаа дурьдаад, “бид ЕХ-нд гишүүнээр элсэж орох том үүд хаалгыг нээж чадсан” хэмээн онцолсон байна.

Молдов улсын хуулийн дагуу төрийн тэргүүний үүрэг, эрх мэдэлд гадаад бодлого болон үндэсний аюулгүй байдал багтдаг бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь 4 жил үргэлжилдэг энэхүү албан тушаалд дээд тал нь хоёр удаа улиран сонгогдож болдог ажээ.

ЕХ-г дэмжигч Майя Санду ерөнхийлөгчийн сонгуульд Оросын талыг баримтлагч улс төрч Александр Стояногло-гийн эсрэг өрсөлдөн ялалт байгуулж чадсан юм. Тус улсын Сонгуулийн төв хорооноос гаргасан албан ёсны мэдэгдэлд сонгуулийн ирц 54 орчим хувьтай буюу 1.6 сая гаруй хүн сонгуульд оролцож, саналаа өгснөөс Александр Стояногло 45 хувийн саналыг цуглуулсан бол Майя Санду 55.03%-ийн саналаар ялалт байгуулсан байна.

2022 оны эхээр ОХУ хөрш зэргэлдээх Украин улсад халдан довтолсноос хойш Майя Санду барууны удирдагчдад Молдов улсын нөхцөл байдал, болзошгүй аюул эрсдлийн талаар удаа дараа сануулж, Кремлийн дараагийн бай болж магадгүй гэдгийг анхааруулсаар ирсэн юм. Түүнчлэн Оросын томоохон зэвсгийн агуулах болон цэргийн баазыг байршуулдаг, Кремлийн дэмжлэгтэй Транснистриа хэмээх салан тусгаарлах үзэл бүхий бүс нутаг Молдов улсын газар нутгийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 3 сард Европын Зөвлөлөөс тухайн бүс нутгийг Оросын булаан эзлэлтэн дор оршиж байгаа хэмээн тодорхойлсон тогтоолыг гаргаж байсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *