Католик шүтлэгтнүүдийн хувьд “Ариун жил” хэмээн тодорхойлогдсон 2025 оныг нээж угтсан шашны зан үйл, ойн баяр ёслолын арга хэмжээ мягмар гаригт Италийн нийслэл Ром хот дах Гэгээн Петрийн сүмд зохион байгуулагдлаа.
Ромын Пап Францис зул сарын баярын өмнөх өдөр Гэгээн Петрийн сүмийн Ариун хаалгыг нээснээр “Ариун жил” гэгдэх 2025 оныг албан ёсоор нээсэн байна.
Анхны “Ариун жил”-ийн баярыг 1300 онд тэмдэглэж байсан бөгөөд католик шашны гол гурван сүмийн ариун хаалгаар явж орсноор хүний үйлдсэн аливаа нүгэл өршөөгддөг гэж үздэг тул “Ариун жил” тохиосон тухайн жилийн турш тэдгээр гурван сүмийг зорих шүтлэгтнүүдийн цуваа тасардаггүй ажээ.
Ирэх 2025 онд Италийн нийслэл Ром хот дэлхийн өнцөг булан бүрээс ойролцоогоор 30 сая мөргөлчдийг хүлээж авах тооцоог гаргаж, аюулгүй байдлын хараа хяналтаа өндөрсгөх болно гэдгээ мэдэгдсэн байна. 2025 онд тохиож байгаа “Ариун жил”-ийн үндсэн сэдэв нь “итгэл найдвар” бөгөөд Ромын Пап Францис ийнхүү хоёр дах “Ариун жил”-ээ нээгээд байна. Өмнө нь тэрээр 2015 оны “Ариун жил”-ийг нээж байсан юм.
Ёс заншлын дагуу Ромын Пап Францис сүмийн ариун хаалгыг нээж, түүгээр явж орсныхоо дараагаар цугларсан мөргөлч, шүтлэгтэн олонд латин болон итали хэл дээр мөргөл айлджээ. Өчигдөр сүмийн ариун хаалгаар 7000 хүн авч орсон бол “Ариун жил”-ийн нээлтийн ёслолын арга хэмжээг интернетээр дэлхийн хэмжээнд шууд дамжуулсан байна.
Сонирхуулахад үндсэн гурван сүмээс гадна анх удаагаа Ром хотын шоронд нэмэлтээр нэг “ариун хаалга”-г Ромын Пап Францис нээхээр болсон байна. Бүх хоригдлуудад шинэ итгэл найдвар, шинэ ирээдүйг бэлэглэж байгааг бэлгэдэн шоронд “ариун хаалга” нээхээр болжээ.