Японы автомашин үйлдвэрлэгч Nissan, Honda, мөнMitsubishi компаниуд даваа гарагт хамтарсан холдинг компани байгуулах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
Өнгөрсөн 8-р сарын 1-ний өдөр Nissan болон Honda компаниудын хооронд байгуулсан түншлэлийн гэрээний эх үндэс болсон баримт бичгийн дагуу дээрх гурван компани ийнхүү цаашдаа хамтарсан компани байгуулах яриа хэлэлцээг үргэлжлүүлэх тохиролцоонд хүрсэн байна.
Mitsubishi компанийн хувьд 2025 оны 1 дүгээр сарын сүүлээр энэхүү интеграцид нэгдэн орох эсэх эцсийн шийдвэрээ гаргана гэдгээ мөн мэдэгджээ.
Харин нэгдэж нийлэх нь тодорхой болоод байгаа Nissan,Honda компаниуд 2025 оны 6 сард хоёр компанийг нэгтгэх гэрээнд гарын үсэг зурахаар болсон бол хамтарсан холдинг компанийг 2026 оны 8 сард байгуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөжээ.
Японы автомашин үйлдвэрлэлийн тэргүүлэгч компаниуд ийнхүү хамтарснаар тээврийн хэрэгслийн ирээдүй болох цахилгаан автомашины салбарт толгой цохиж байгаа Хятад болон Америкийн компаниудын эсрэг өрсөлдөнө гэдгээ илэрхийлээд байгаа юм. Түүнчлэн хамтарсан компани байгуулснаар жилийн нийт борлуулалтын орлогоо 30 их наяд иен, татвар шимтгэлээс өмнөх үйл ажиллагааны ашигаа 3 их наяд иен давуулах төсөөллийг гаргаад байгаа ажээ.