Б.Уянга: Сонсголоор утааг бууруулахад өмнө хийсэн ажлууд, үр дүн, зарцуулсан төсөв, шийдэл зэргийг хэлэлцэнэ


УИХ-ын гишүүн, Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Б.Уянгатай ярилцлаа.

——————————————————————————

-Утааны сонсгол хэдийгээр товлогдохоор байна вэ?

-Сонсголыг хоёрдугаар сарын эхээр явуулахаар ажлын хэсгийн эхний хурал дээр тов гарсан. Байгаль орчны асуудал эрхэлсэн байнгын хороогоор эцэслэгдэнэ. Сонсгол явуулах хүртэл утаатай холбоотой хэд хэдэн өргөтгөсөн хэлэлцүүлгүүдийг хийж нэгдсэн мэдээллийг олон нийтэд хүргэх нь зүйтэй байгаа. Мөн шаардлагатай шинжилгээ, судалгааг хийж, хөндлөнгийн байгууллагуудаар нягтлуулахаар болоод байна. Ажлын хэсгийн нарийвчилсан төлөвлөгөөг энэ долоо хоногт батлах юм.

-Утааны сонсголоор юу, юу хэлэлцэх бол. Ямар үр дүн хүлээж болох вэ?

-Ер нь агаарын бохирдлыг бууруулах ёстой. Үүнд утаа үүсгэгч бүх эх үүсвэрүүдийг судлах нь чухал байгаа. Нэгтгэн дурдвал, сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, автомашины яндан болон хэрэглэгдэж буй шатахууны чанар, тусгай байгууламжуудыг халаах зориулалт бүхий бага оврын уурын зуух, түүнд хэрэглэгдэж буй түүхий нүүрс, мөн дулааны цахилгаан станцуудын үр нөлөө зэрэг багтана.

Сонсголд энэ мэтчилэн олон асуудал яригдана. Утааг бууруулах зорилгоор өмнө зохион байгуулсан ажил, хэрэгжилтийн үр дүн, нийт зарцуулсан төсөв, шийдэл, гэх мэт олон асуудлын хүрээнд сонсгол яваг дана. Ажлын хэсгийн төлөвлөгөө батлагдахаар илүү мэдээллийг өгөх боломжтой.

-Сайжруулсан түл шинд иргэд угаартаж, хордож нас барж байна. Улаанбаатарын утаа аюултай түвшинд хүрлээ гэж эрдэмтэн судлаачид сануулсаар байгаа. Утаанаас үүдэлтэй хорт хавдар нэмэгдлээ. Тэгэхээр сайжруулсан түлшний найрлагатай холбоотой асуудлыг хэлэлцэнэ биз дээ?

-Сайжруулсан шахмал түлшийг анх хэрэглээнд нэвтрүүлсэн шийдвэр мөн сонсголд танилцуулагдах ёстой гэж үзэж байна. Бидний одоо хэрэглэж буй түлш нь угааж баяжуулсан, өндөр илчлэгтэй чулуун нүүрсээр хийсэн шахмал түлш юм. БОУАӨЯ-наас түлшний түүхий эдэд хөндлөнгийн лабораторийн судалгааг хийлгэж байгаа. Шахмал түлшийг түлэхэд үүсч буй утаа болон үнсний талаар иргэд дэлгэрэнгүй мэдэж байх шаардлагатай. Утаанаас гадна үнс агаарт дэгдэж агаар бохирдуулж байгаа тухай өмнөх сонсголын тайланд дурдагдсан байсан.

-Ер нь сонсголд ямар, ямар хүмүүсийг дуудаж байгаа вэ. “Таван толгой түлш” ХХК-ийнхан сонсголд ирэх үү?

-Аж үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооноос шахмал түлшний асуудал дээр тусгайлсан ажлын хэсэг томилон ажиллуулж байгаа. Бид саяхан газар дээр нь очиж инженер, технологийн ажилчидтай өргөтгөсөн уулзалт хийсэн. Угааж баяжуулсан, өндөр калоритой нүүрсээр түлш хийж байгаа нь дэвшил хэдий ч хөрш зэргэлдээ улсуудад, ер нь шахмал түлш хэрэглэдэг улсуудад хагас коксоор түлш үйлдвэрлэж байгаа тул энэ хувилбарыг бид бас сайтар мэдэх ёстой. Багануурын уурхайг түшиглэн хагас коксын үйлдвэр барих төслийг засгийн газраас хэрэгжүүлэх гэж байх шиг байна. Нийслэлээс мөн шат дараалалтай хийн түлшний хэрэглээнд шилжих тухай бодлого гарсан байна. Дэмжиж байгаа.

-Өнгөрсөн хугацаанд утааг бууруулахад нийт хэчнээн төгрөг зарцуулав. Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, санхүүжилттэй холбоотой мэдээллийг шалгах уу?

-Нийгмийн хүлээлт өндөр байгаа тул эдгээр мэдээлэл сонсголд танилцуулагдах ёстой. Бид хэдэн жил дамнаж утаагаа бууруулах том асуудлаа даван туулахаар ажиллах нь тодорхой. Богино, дунд, урт хугацааны шийдлүүдээ тодорхойлох нь чухал. Тиймээс сонсголд танилцуулагдах мэдээлэл бүрийн алдааг дахин давтахгүй, оновчтой бодлогоо цаашид үргэлжлүүлэх байдлаар ирээдүйд авч хэрэгжүүлэх шийдлийн төслийг боловсруулах тал дээр төвлөрч ажиллана аа.

М.Мөнх


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *