Зул сарын баяраар цохилт өгсөн явдлыг В.Зеленский “хүний үнэргүй, зэрлэг балмад” хэмээн тодорхойлов


Украины ерөнхийлөгч В.Зеленский зул сарын баярын өдөр Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд томоохон хэмжээний цохилт үзүүлсэн ОХУ-ыг “хүнлэг бус, хүний үнэргүй, зэрлэг балмад” хэмээн тодорхойлжээ.

Украины агаарын зэвсэгт хүчний зүгээс зул сарын өдөр нийт 184 пуужин болон дроны цохилт үзүүлснийг тогтоож, ихэнхийг нь байндаа тусахаас өмнө буудан унагасан гэж мэдээлсэн байна. Түүнчлэн хүний амь нас үрэгдсэн ч тоо хэмжээг нь танилцуулаагүй байна. Оросын талаас нийслэл Киев хотыг оролцуулаад Украины бүхий л газар нутгийг хамран дээрх халдлагыг хийсэн бөгөөд зул сарын баярын өдөр хийсэн уг халдлага нь Украины эрчим хүчний дэд бүтцийн эсрэг энэ онд үзүүлсэн 13 дах удаагийн томоохон дайралт болсон талаар Украины эрчим хүчний хамгийн том хувийн хэвшлийн DTEK компаниас мэдээлжээ.

Москва-гийн зүгээс Украинд амжилттай цохилт үзүүлсэн талаар мэдээлсэн байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс Оросын зэвсэгт хүчин Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд “үлэмж хэмжээний цохилт” үзүүлж, пуужин дронууд бүгд байндаа туссан хэмээн мэдээлжээ.

Оросын талаас Украинд зул сарын өдөр агаарын цохилт үзүүлсэн явдлын талаар АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден байр сууриа илэрхийлэхдээ “өвлийн хүйтэн улиралд Украины ард түмнийг дулаан болон цахилгаан эрчим хүчнээс салгаж, туйлдуулах гэсэн зорилготой харгис хэрцгий халдлага” хэмээн тодорхойлжээ. Ирэх сарын 20-нд төрийн эрх мэдлийг Д.Трампад шилжүүлэн өгөх ерөнхийлөгч Ж.Байден АНУ-ын Батлан хамгаалах департаментаас Украинд зэвсэг нийлүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлсээр байхыг хүссэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *