Ираны эрх баригчид Meta компанийн WhatsApp, Google компанийн Google Play платформуудад тавьсан хоригоо цуцласан талаар мягмар гарагт Ираны төрийн төв хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.
Иран улс интернетийн хэрэглээнд хамгийн хатуу чанга хяналт тавьдаг дэлхийн цөөн улс орны нэг боловч технологийн мэдлэг, боловсролтой иргэд VPN программуудыг ашиглан Facebook, Twitter, YouTube зэрэг Америкийн голцуу платформуудад нэвтрэн хэрэглэдэг байна.
Ираны IRNA мэдээллийн агентлаг “WhatsApp болон Google Play зэрэг гадны олон хэрэглэгчтэй зарим платформуудад тавьсан хоригийг цуцлахыг олонхийн саналаар шийдсэн байна” хэмээн мэдээлжээ.
Өнгөрсөн зун Ираны ерөнхийлөгчөөр сонгогдсон Масуд Пезешкианы хийж буй өөрчлөлт, шинэчлэлтийн хүрээнд ийнхүү гадны аппликейшны эсрэг тавьсан хоригууд эхнээсээ цуцлагдаж эхлээд байна. Иран улсын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн сайд Саттар Хашеми мөн энэхүү үйл явдлын талаар хэлэхдээ “Өнөөдөр интернетийн хязгаарлалтыг цуцлах эхний алхам хийгдлээ” гэжээ.
Иранд нийгмийн сүлжээний платформуудыг засгийн газрын эсрэг жагсаал, хөдөлгөөнд өргөн хэрэглэдэг учраас хэрэглээг нь хориглосоор ирсэн ч шинэ төрийн тэргүүний шинэчлэлийн бодлогын үр дүнд ийнхүү гадны платформуудыг нээж эхэллээ.