Азербайжаны иргэний агаарын тээврийн онгоц Казахстан улсын Актау хотын ойролцоо ослын буулт хийх үедээ шатаж осолдсон хэрэг гарсан байна.
Азербайжаны нийслэл Баку хотоос ОХУ-ын Грозный орохоор лхагва гарагт хөөрсөн иргэний агаарын тээврийн J2-8243 нислэгийн Embraer загварын онгоц хөөрснөөсөө 2 цаг 30 минутын дараа осолдсоныг Flightradar24 вебсайт харуулжээ.
Тус онгоцонд нийт 69 зорчиж явснаас 38 хүн ослын улмаас амь үрэгдсэн талаар Казахстаны эрх баригчдын зүгээс мэдэгджээ. Мөн албаныхны зүгээс онгоцны хар хайрцаг олдсон талаар мэдээллээ. Азербайжаны иргэний нисэхийн (Azerbaijan Airlines) зүгээс ослын шалтгааныг манантай орчны улмаас үзэгдэх байдал хязгаарлагдаж, замаасаа хазайн ослын буулт хийхээр болсон хэмээн BBC агентлагт тайлбарласан байна. Харин Оросын зарим хэвлэлүүдээр тус онгоцыг шувуун сүрэгтэй мөргөлдөж, осолдсон хэмээн мэдээлсэн ч энэ нь батлагдаагүй мэдээлэл юм. Эсрэгээрээ дээрх онгоцыг дронтой андууран Оросын зүгээс буудан унагасан гэх мөн л батлагдаагүй мэдээллүүд мэр сэр гарчээ.
Онгоц осолдох мөчийг харуулсан гэрчүүдийн дүрс бичлэгт онгоц дугуйнуудаа буулган асар хурдтайгаар доошилсоор газардах үедээ шууд дэлбэрч, шатсан нь бичигдсэн байна. Онгоцонд ихэвчлэн Азербайжаны иргэд зорчиж явснаас гадна мөн цөөн тооны орос, казах, киргизийн иргэд байжээ.
Azerbaijan Airlines-ийн зүгээс онгоцны ослыг мөрдөн шалгах ажил явагдаж дуусах хүртэл Баку-Грозный, Баку-Махачкала чиглэлийн нислэгүүд цуцлагдаж байгааг зарлалаа. Азербайжан болон Казахстан улсууд ослын хэргийг тус тусдаа мөрдөн шалгах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд Embraer компанийн зүгээс мөн холбогдох албадуудад дэмжлэг туслалцлаа үзүүлж ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Бразилын онгоц үйлдвэрлэгч Embraer компани нь Boeing болон Airbus компаниудын жижиг өрсөлдөгч бөгөөд аюулгүй байдлын тал дээр өндөр баталгаатай онгоц үйлдвэрлэдгээрээ танигдсан компани ажээ.