Католик шашинтны тэргүүн Ромын Пап Францис уламжлалт зул сарын баярын өдрийн мэндчилгээндээ Оросын Украинд халдан довтолсон дайныг өндөрлүүлэх яриа хэлэлцээг урагшлуулж явуулахыг уриалсан байна.
Тэрээр хэлэхдээ “хоёр талын хооронд баттай энх тайвныг тогтоох яриа хэлэлцээг явуулах үүд хаалгыг нээх зайлшгүй шаардлагатай байна” гэжээ.
Гэгээн Петрийн гудманд цугласан олон мянган хүний өмнө хэлсэн үгэндээ Ромын Пап “Дайны хөлд нэрвэгдсэн Украин улсад буун дуу ахиж бүү гараасай” хэмээн уриалжээ.
Тэрээр зул сарын баяраар Ром хот болон дэлхий нийтэд хандан хийдэг уламжлалт “Urbi et Orbi” мэндчилгээндээ мөн дэлхий дахины тулгамдсан өөр бусад асуудлуудыг ч багтасан байна. Ромын Пап Газын зурваст гал зогсоож, Хамас бүлэглэлд барьцаалагдсан Израилын иргэдийг суллахыг уриалж, Ливан болон Сири дэх христийн шүтлэгтнүүдтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаа гэдгээ уламжилсан байна.