Сургамж болон үлдлээ ЧИ..


Мөнгөн өвөл Монголд айлчилж, сүлд мод хойморт заларлаа. 2024 он улирч, 2025 он айлчилж байна. Хуучныг үдэж, шинийг угтахдаа хийснээ дүгнэж, бүтээхээ төлөвлөдөг жаягийн дагуу TIME.mn 2024 онд манай эх оронд болсон 9 үйл явдлыг онцолж байна.

Улаанбаатар стандартгүйгээс иргэдийн аюулгүй амьдрах, амьд явах эрх алдагджээ. Үүнийг харуулсан хамгийн том баримт бол “Дүнжингарав”-ын дэргэдэх дэлбэрэлт.

2024.01.23-ны шөнийн 01:00 цагт Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвийн дэргэдэх уулзварт “Дашваанжил” компанийн 15.7 тонн гааз тээвэрлэсэн цистерн “Патрол” маркийн машинтай мөргөлдөж, томоохон дэлбэрэлт үүсэв. Хормын дотор нүргэсэн их чимээ гарч, улаан гал авалцаж, хүмүүс хашхирч, зарим нь шатаж, тусламж гуйн, гүйлдэнэ. Ойролцоох хотхоны оршин суугчид орилолдон, өмссөн хувцастайгаа гэрээсээ гарч, аврал эрнэ. Шатсан машинууд, тэнгэрт дэгдэх хар утаа, цагдаа, эмнэлэг, цогцос тээвэрлэх шүүх шинжилгээний машин гээд яг л дайны талбар шиг шөнө байлаа.

Энэ шөнө  “Явчихаад ирнэ” гээд хайртай хүмүүсээ үнсээд гарсан, “Очиж явна” гээд ар гэрийнхэнтэйгээ  утсаар холбогдсон 10 гаруй хүн бидний дундаас үүрд оджээ. Тэдний дунд Гал унтраах, аврах 63-р ангийн 3 албан хаагч байлаа.

Ослын газарт 189 мөрдөгч үзлэг хийсэн. Энэ явдал болсноос хойш 7 хоног дээр, дооргүй харамсаж халагласан ч өнөөдөр мартагдаж байх шиг. Үнэн хэрэгтээ Дүнжингарав орчимд болсон дэлбэрэлтээс хойш юу дээрдэв. “Эдү-Апарт” хотхоны 150 гаруй оршин суугч орон гэргүй болж, сэтгэл санааны хямралд өртөж, гай гамшиг гээчийг биеэрээ мэдэрч явна. Энэхүү дэлбэрэлтийн талаар дэлхий хүртэл шуугисан.

Харамсаж, халаглуулсан хийн дэлбэрэлтийн улмаас 5.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан юм. Зуун ямаанд жаран ухна гэгчээр прокурор, цагдаагийн байгууллагын 118 мөрдөгч хэргийг шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлэн, “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав, жолооч Ч.Рэнцэндорж нарыг яллагдагчаар татаж, “Эдү-Апарт” хотхоныг нураахаар болов. Гэвч бидний анхаараагүй алдсан стандарт мөрдөгдөөгүй хэвээр…

Тэнгэрийн магнай Эверестийн оргилд хэний ч тусламжгүй, хүчилтөрөгчгүй гарч, уулчин бүрийн чадаагүйг чадан, хүслээ гүйцээж, зорилгоо биелүүлсэн Монголын анхны уулчид бол Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар юм. Цэнхэр гарагийн хамгийн өндөр цэгт хөл тавих мэдрэмж, мөрөөдлийнхөө төлөө амиа хайрлаагүй тэд цаст оргилд амьсгал хураасан ч мөрөөдлөө биелүүлсэндээ сэтгэл хангалуун нүд аньсан байх гэдэгт итгэж байна.

Тэдэн шиг мөрөөдлөө биелүүлж, яваа хүн бол Б.Очирваань. 2023 оны тавдугаар сард Улаанбаатар хотод гэрийхэндээ үнсүүлж, ерөөлийг нь сонсоод, алс холын “Улаан чөтгөрүүд”-ийн орныг аяллын богц, майхан, чийгний гудас, аяны хөнжил, унадаг дугуйтай зорьсон түүний тухай сонсоход галзуу бас гайхам мэдрэмж төрнө. Өгсүүр, уруу, бартаа, саад, бороо, салхи, цастай хүнд замаар 11 сарын турш тэр дугуйгаа жийж, 2024 оны дөрөвдүгээр сарын 21-нд Англи улсад очин, “Олд Траффорд”-д өөрийн шүтээн Уэйн Рүүнитэй уулзаж, Төрийн далбаагаа дэлгэн олон мянган хүнд мөрөөдлөө биелүүлэх итгэл найдвар, урам зориг өгсөн юм.

19 улсыг дамнан 14.000 км зам туулсын түүний энэ аяллыг Английн хөлбөмбөгийн “Премьер лиг” цахим хуудсандаа онцолсон.

Тэд мөрөөдсөн, түүндээ хүрсэн. Мөрөөдлөө биелүүлж болдгийг хүмүүст харуулж, мөрөөдөлд хүргэх зам хялбар байдаггүйг тэд ойлгуулсан.

Эверестийн оргилд гарсан 6664 гаруй уулчин бий. Үүнээс 3.4 хувь нь буюу 221 уулчин нэмэлт хүчилтөрөгчгүйгээр оргилд гарчээ.

Монгол Улсын 9 дэх парламент бүл нэмж, 126 гишүүнтэй болов. УИХ-ын түүхэнд хамгийн олон гишүүнтэй анхны энэ парламентыг бүрдүүлж буй гишүүдийн 32 нь буюу 25.4 хувь нь эмэгтэй. Үүгээрээ энэ УИХ Монголын парламентын түүхэнд бас нэг дээд амжилт тогтоов.

Анхны Үндсэн хуулийг батлах үед Монгол Улсын 27 мянган иргэнийг 1 гишүүн төлөөлөхөөр тооцож, 76 гишүүнтэйгээр УИХ-ыг бүрдүүлсэн юм. Түүнээс хойш өссөн хүн амынхаа тоонд дүйцүүлэн, гишүүдийн тоог нэмсэн юм. 78 гишүүнийг сонгогч сонгосон бол 48 гишүүн намын жагсаалтаар УИХ-ын танхимд заларлаа.

Тоогоо дагаад үсэг нь олширсон энэ парламент солонгорсон олон өнгөтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн УИХ-ын сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд анх удаа төрд төлөөлөлтэй болов. Сошиал од-зөгийчин эмэгтэй хууль тогтоолцох эрх атгалцаж, казах эмэгтэй анх удаа парламентын танхимд суудал эзлэв.

Сонгогчдын төлөөлөл 2 дахин нэмэгдэж, гишүүдийн эрх мэдэл 2 дахин багасаж, сонгодог парламентын мэтгэлцэх соёлд УИХ шилжиж, батлах хуулийн чанар сайжирна гэж анх гишүүдийн тоог нэмэх заалт Үндсэн хуульд оруулахдаа сурталчилсан. Одоо харин бодит байдал дээр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг бантан болгочихоод, засах гэж заваарлаа.  

УИХ-ын 9 дэх сонгуулийн үр дүнд ердийнхөөрөө МАН олонх болсон ч ер бус шийдвэр гаргаж, хамтарсан засаг байгууллаа. Ялсан атлаа тус нам ялагдсан АН, ХҮН-д хадаг барив. Өнөөдүүл нь ч авчихлаа. Өнгөрсөн 8 жилийг хийсэн юмгүй өнгөрөөсөн АН ирэх 4 жилд хийх ажилтай болж, Засгийн газарт 8 суудал эзэллээ. Ганцхан гишүүнтэй гэж гоочлогдсон ХҮН засагт тоогдож, 2 сайдтай болов.

76 гишүүнтэй парламентад 11-үүлээ 14 хувийг нь эзэлж байсан АН сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх ч боломж олдоогүй. Харин 126 гишүүнтэй парламентад 42-уулаа болсон тэд 33 хувийг нь бүрдүүлж байгаа учир сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлэх боломж олдсон ч МАН-ын даргын хадгийг алга дэлгэж аваад, хамтарч гэрээ барилаа.

Сөрөг хүчнийг үгүйлсэн, нэг намын дангаар ноёрхлоос залхсан сонгогчид энэ удаад АН-ыг хамаг байдгаараа дэмжин, УИХ-д 42 суудалтай болгосон. Алдаа болгоныг нь тэвчээд, буруу бүхнийг нь уучлаад дэмжсэн. Цөөдөөд байхаар нь олуул болгосон. Хүч хүрэхгүй болохоор нь хүчийг нь нэмсэн. Гэвч АН өөр сонголт хийв. 3 намын хамтарч барьсан гэр баргийн салхинд ганхахгүй, цас, бороонд норохгүй байж чадах эсэхийг цаг хугацаа л харуулна.   

Алтан соёмбот Төрийн далбаа, Азийн зүрхэнд орших зургаан үсэгтэй “Монгол” гэх нэрээ Дэлхийн сонорт мандуулан, цуурайтуулсан олимп, паралимпийн “БААТАР” тамирчдаа “2024 ОНЫ ОНЦЛОХООР” нэрлэж байна.

Спортын ноён оргил гэгддэг “Олимп”-ын их дэвжээнээ Монголын тамирчид цуутай, суутай сайхан наадлаа. “Парис 2024” олимп, паралимпийн наадамд манай улсаас 5 тамирчин 1 алт, 4 мөнгөн медаль хүртэж, элгэн халуун “Монгол” улсаа бөмбөрцгийн сонорт цуурайтуулав.

2024 он “Шагай шиг биетэй шавилхан Баасанхүүгийнх” байв

Бавуудоржийн Баасанхүү гэх “шагай” шиг биетэй шавилхан охин 2024 онд ганган, гоёхон байж, утгаар нь гялалзлаа. 2024 оны Монгол Улсын аварга, Ази тивийн аварга, “Душанбе” их дуулгын аварга, “Абу Даби” Дэлхийн аварга, “Парис 2024” олимпын мөнгөн медаль гээд энэ он бүхэлдээ Баасанхүүгийнх байв. Улмаар өөрийн жиндээ Дэлхийн чансааг тэргүүлж байна.

Зорилгоо биелүүлээд гэртээ ирэх шиг жаргал хаана байх вэ

Зорилгоо биелүүлээд, гэртээ ирэх шиг жаргал хаана байх вэ? гээд даруухан загинаж аавдаа үнсүүлсэн хүн бол Монгол Улсын паралимпийн анхны эмэгтэй аварга У.Сүрэнжав юм. Алс хол хөдөө нутгаас өсөн өндийсөн охин тууштай хөдөлмөр, хөлс хүчээрээ таван тивийн тамирчдаас “Олимпын” оргилд хүрэв. Энэ л медалийг авахын тулд тэр таеквондогийн спортоор 10 гаруй жил хичээллэж “Паралимпын анхны эмэгтэй аварга” хэмээх алдрын эзэн болсон нь энэ.

Паралимпийн наадмаас медаль авна гэж өөртэйгөө ярьж, төсөөлж ч байсан

Ази тив болон Дэлхийд 5 удаа түрүүлж, нэрээ тамгалсан Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг жингийн К44 ангилалд мөнгөн медаль хүртэж, мөрөөдлөө биелүүллээ. Түүнд ганцхан медаль дутуу байсан нь паралимпийнх. Үүнээс бусад бүх улс, тивийн медалийг энгэртээ гялалзуулсан. Медалийн өнгөө хувиргаж, дутуугаа гүйцээх их хүсэл Г.Болор-Эрдэнийн зүрхэнд бий.

Миний аав хүүгээ тэнгэрээс хараад баярлаж байгаа. Би чадлаа

Аавынхаа малгайг тэргүүндээ залж, Төрийн далбаагаа өргөн зогсохдоо “Миний аав тэнгэрээс хүүгээ хараад, бахархаж байгаа байх аа” хэмээн нүдэндээ баярын нулимстай, омогшилтой ярих Ц.Баттулга хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн, Монголын анхны тамирчин боллоо. Шүдний эмчээс Паралимпийн медальт тамирчин болсон тэр олон залууст урам зориг өгсөн ардын “Баатар” болсон юм.

Тив, Дэлхий, Гиннесийн номд амжилтаа дархалсан паралимпийн иж бүрэн медальт тамирчин

Гиннесийн амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ паралимпийн гурав дахь медалиа энгэртээ гялалзуулж, эх орныхоо далбааг паралимпын наадамд гурвантаа мандуулснаар иж бүрэн медальтай Монголын анхны тамирчин болов. Монгол түмнийхээ итгэлийг алдахгүй гэж ярьсан үгэндээ эзэн нь

  • “Рио 2016”: – Пауэрлифтинг хүрэл
  • “Токио 2021”:– Пауэрлифтинг алт
  • “Парис 2024”:– Пауэрлифтинг мөнгө

Та бидний итгэлийг алдаагүй. Тамирчны алдар хямдхан олдоогүй.

Тийм ээ. Тэднийг спортын ноён оргил олимпын дэвжээнээ алтан соёмбот далбаа, Төрийн дууллаа эгшиглүүлэн зогсоход монголчууд омогшин, бахархан, уйлан байлаа. Тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат, ялалт, ялагдал, хүндлэл, хайр энэрэл, энх тайван, эв нэгдлийг өөрсдийн биеэр харуулан, амжилтад хүрэхэд хялбар, дөт зам байдаггүйг харуулсан энэ цагийн “Баатар”-уудаараа дахин нэг удаа омогшин бахархъя.

2024 он сэтгүүлчээ шоронд хийж, иргэдийн мэдэх эрхийг хязгаарласан жил байлаа. Сэтгүүлч байна уу, хуульч байна уу, хэн ч байсан буруутай бол буруугаа хүлээх нь зүй ёсны асуудал. Гэхдээ сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг яллахдаа шүүх хүний эрх зөрчсөн хэд хэдэн ноцтой зөрчил гаргав. Түүнд оноосон 5 хэргийн хоёр нь төрийн нууцын зэрэглэлд байсан ч шүүх хурлыг бүхэлд нь хаалттай явуулсан, өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцуулсан зэрэг нь олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг ч унагав.

Энэ үйл явдал үг хэлж үзэл бодлоо дураараа илэрхийлбэл хаалттай торны цаана суулгаж болдог гэх хатуу дохиог хэвлэлийн салбарынханд өгөв. Тэр тусмаа залуу сэтгүүлч, зураглаач нарын зүрхэнд орсон үйл явдал болов. Нийтийн төлөө дуугарсныхаа хариуд ял авдаг гэх хачирхалтай ойлголтыг ч олон нийтэд төрүүлэв. Тиймээс 2024 он хэвлэлийн эрх чөлөө хумигдаж, хүний эрх дээд зэргээр зөрчигдсөн он жил байлаа.

Өнгөрсөн явдлыг цаг хугацааны дараалалд оруулъя.

Монгол Улс 2021 онд Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 61, 2022 онд 90, 2023 онд 88-д эрэмбэлэгдсэн. 2024 онд Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр анхаарал хандуулах аюултай ангилалд багтсан буюу 180 орноос 109-д орж, 2023 оны үзүүлэлтээс 21 байр ухарлаа. Энэ бол Монголд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө нурж байгааг илтгэнэ. Хэвлэлийн эрх чөлөө үгүй бол ард түмний дуу хоолой үгүй болдог билээ.

Монголчуудын хувьд 2024 он зочин олонтой байлаа. Тэр тусмаа гадаадын томчууд олноороо Монголыг зорьж ирэв. Түүн дундаас ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНБУ-ын Ерөнхийлөгч Александр Лукашенко нарыг монголчууд зөв харж инээн, буруу харж уйлан, хүлээж авлаа. В.В.Путин 5 дахь удаагаа Монголд айлчилж байгаа бол А.Лукашенко анх удаа ирэв. Тэдний айлчлалын үеэр “No war” хөдөлгөөний зарим залуус эсэргүүцэж, Төв талбайд тайван жагсав.

В.В.Путин бол манай хойд хөршийн Төрийн тэргүүн, найрамдалт анд ч гэлээ Өрнөдийн орнууд, тэр дундаа Украины шүүмжлэлийг байнга хүртдэг улстөрч. Түүнийг баривчилж тушаахыг Олон Улсын Эрүүгийн Шүүх манайхаас шаардсан нь Монгол Улсыг хэцүүхэн байдалд орууллаа. Энэ айлчлалаас болоод манай улс Олон Улсын Эрүүгийн Шүүхэд дуудагдаад байна. Беларусийн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Өрнөдийн орнууд Монголд хатуурхаагүй ч хандлага нь цаанаа л тиймхэн байв.

Тэгсэн ч Монгол тусгаар улс. Бүхий л улстай найрсаг харилцдаг, ямар ч зочныг алга дэлгэн угтдаг, дипломат элчийг алтан аргамж гэж хүндэтгэдэг уламжлалтай улс. Барууныхан үүнийг ойлгохгүй байлаа ч Монгол байдгаараа л байх болно.

Энэ оны намар Дэлхийн одод Монголын тэнгэрт түглээ.

2024.08.03. Испанийн дуурийн дуучин Пласидо Доминго Монголд анх удаа ирж, УДБЭТ-ын тайзнаа монголчуудад зориулан алдарт цээл хоолойгоо цангинуулав. Грэммигийн 12 шагналын эзэн Пласидо Доминготой хамт энэ цаг үеийн алдарт баритон, Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин, олон улсад нэр хүнд нь тасралтгүй өсөж буй сопрано Нина Минасян, орчин цагийн хамгийн агуу тенор дуучдын нэг Фабио Сартори нарт хоршиж, “Centennial Celebration” тоглолт хийлээ. Дэлхийн дуурийн оддыг АПУ компани 100 жилийн ойгоороо ийн монголчуудтайгаа уулзуулсан юм.  

2024.09.15. Өмнөд Солонгосын алдарт дуучин Rain, Dara, Bloo нар Монголд айлчилж, гал гарсан тоглолт толилууллаа. К-поп оддыг дэргэдээс нь харах боломж тохиосон тэр үдэш тэд од гэж хэн бэ гэдгийг бүрэн харуулав. Тайзан дээр биеэ авч явах, үзэгчдээ хүндлэх, бүжиглэх, дуулах гээд бүхий л зүйл нь төгс төгөлдөр. Гоо сайхан, булчинлаг биеэрээ охидын зүрхийг булаасан Рэйн Монголын үзэгчдийн дээрээс бороо мэт асгарлаа.

Солонгосын энтертайнмент салбарыг тэргүүлэгч 100 хүний жагсаалтын 3-т бичигдсэн түүнийг 2006, 2011 онд “Time” сэтгүүл Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний 1-ээр нэрлэсэн юм. К-попын одод энэ тоглолтоороо Монгол Улсыг Дэлхийд сурталчлав. Монголын цэлмэг хөх тэнгэрт Дэлхийн түг түмэн одод чуултугай!   

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Нэхэмжлэлийн хэлтсийн дарга А.Төвшин нарыг эмнэлгүүдээс хахууль авч, хуурамч бичиг баримт бүрдүүлэн, Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө завшсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан /2024.09.17/-нд АТГ баривчиллаа.  ЭМДС-д 2023 онд 1.5 тэрбум төгрөгийн орлого орж, 1.8 тэрбум төгрөгийн зарлага гарчээ. Олсноосоо 300 саяыг илүү зарцуулчихаж. Үүний 974 тэрбумыг улсын, 249 тэрбумыг хувийн эмнэлэгт олгожээ.

Буруу менежменийн балгийг олноороо амссан нь

Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2024 оны I улиралд даатгалын сангийн алдагдал 2023 оны I улиралтай харьцуулахад 9 дахин өссөн талаар судалгааг гаргажээ. Ийн туссан алдагдал хүлээж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг танахад хүргэлээ. Даатгалаараа эмнэлэгт үзүүлэх, оношлуулах, хэвтэх гэсэн өвчтөнүүд өөрөө төлбөрөө төлөхөд хүрч, орон даяар шуугиан дэгдэв.

ЭМДС-ийн нийт зардлын 94.9 хувийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний, 4.3 хувийг эмийн үнэ хөнгөлөх, 0.8 хувийг сувиллын тусламж үйлчилгээний зардал бүрдүүлж буй. Үүн дундаас эмийн үнэ хөнгөлөх зардал хамгийн их буюу 54.1 хувь өсөж, 22 тэрбумд хүрсэн байна. Нийт алдагдал 226 тэрбумд хүрсэн талаар мэдээлсэн.

2024.11.05-нд жирэмсэн эхчүүд, 0-18 насны хүүхдийн шүдийг үзэх, эмчлэх зардлыг ЭМДС даахаар болж, ахмад настан, группийнхэн, бусад хүн эрүүл мэндийн даатгалаар шүдээ үзүүлж, хиймэл шүд хийлгэж чадахгүй болов. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд томоохон өөрчлөлт оруулах, өнгөрсөн хугацаанд буруу менежментээр ажилласан  тул Эрүүл мэндийн даатгалын сангийн алдагдлын асуудлыг шийдэх боломжгүй болсон хэмээн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдэв.

Алдагдал нь талийсан Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг, хувиар илэрхийлвэл

  • 70.3 хувь Төр хариуцах иргэд
  • 23.4 хувь Ажил олгогч, даатгуулагч хариуцан төлөх орлого
  • 6.3 хувь Өөрөө төлөх иргэдийн орлого

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *