Төрийн өмчит компаниудыг яам биш, ард түмэн өмчлөх ёстой


Засгийн Газрын авто бааз 2022 онд 488 сая төгрөгийн ашиг олсон хэрнээ 2023 онд 1.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байх юм. Үүний учир явж явж төрөөс төсөв авдаг байсантай нь холбоотой болж таарав. Тус бааз жил бүр улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөг авдаг байсан бол 2023 оноос эхлэн, улсын төсвөөс санхүүжүүлэхээ больсон юм. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 2022 оны 11 дүгээр сараас Улаанбаатар хот дотор дуудлагаар үйлчилдэг, орон нутагт Засгийн газрын томилолтоор явагсдад унаагаар үйлчилдэг болгосон. Улсын төсвөөс авсан мөнгөнөөсөө жаахныг үлдээн, ашигтай ажилласан харагдуулдаг байсан зальжин арга нь одоо илэрч байна.

Ашигтай ажиллаж байгаад алдагдалд орсон компаниудын нэг нь “Эрдэнэт медикал” эмнэлэг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ эмнэлгийг Японы стандартаар 2015 онд бариулж, 2016 оны 3 дугаар сарын 1-нд “Медипас” компанид менежментийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Энэ нь эмнэлэг барихад зарцуулсан мөнгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т эргүүлэн төлөх нөхцөлтэй. Үүнийг Засгийн Газар эсэргүүцэн, 2022 оны 4 дүгээр сарын 6-ны хурлаараа уг эмнэлгийг буцаан авч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа болгосон юм. Тухайн жилд буюу 2022 онд хувийн компанийн мэдэлд хагас хугас байхдаа 21 сая төгрөгийн ашигтай ажилласан уг эмнэлэг дараа жил нь 2.8 тэрбум төгрөгийн алдагдалд орчхож.

Төрийн өмчийн компаниуд 2023 онд 22.8 их наяд төгрөгийн өртэй байна

Төр мөнгөгүй бол хувийн компаниар зам тавиулаад, дараа нь мөнгөө төлдөг. Ийм концессын гэрээгээр Монгол Улс зөндөө ажил хийлгэж байна. Тэгвэл төр мөнгөтэй үедээ эмнэлэг бариад, хувийн компанид менежментийн гэрээгээр хувьчилж яагаад болохгүй гэж. Манай улс ийм менежментийн хувьчлал нэлээд хийсэн. Гэтэл энэ эмнэлгийг Засгийн Газар буцаан авах болсон нь эрх баригчдын эгэлгүй их шуналтай холбоотой гэж харагддаг. Энэ эмнэлэг ашигтай ажиллаж байсан учраас тэр л дээ. “Сахил хүртээд шал дордов” гэгчээр төр буцааж аваад алдагдалд оруулчихлаа шүү дээ.  

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК 2022 онд 2 тэрбумын ашигтай ажилласан байтал 2023 онд 3.8 тэрбумын огцом алдагдалд оров. Яагаад вэ?

ТӨБЗГ-ын мэдээгээр манай улсад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 78 компани, үйлдвэрийн газар бий. Тэдгээрийн хараат, охин компани 44 байдаг. Эдгээр 122 компанийн 119 нь 2023 оны тайлангаа Засгийн Газарт ирүүлсэн байна. Тэдний 65 нь ашигтай ажилласан бол 54 нь алдагдал хүлээжээ. 3 компани хэр ажилласныг бүү мэд. Яагаад тайлангаа гаргаагүй нь ч сонин. Алдагдал хүлээсэн 54-ийн 44 нь 2 жил дараалан ийм муу тайлан гаргаж байна.

9 компанийн удирдлагууд өөрсдөдөө 971.9 сая төгрөгийн урамшуулал авчээ. Алдагдалд оруулчхаад шүү!

Ашигтай ажилласан компаниуд жилийн эцэст 5.2 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байсан бол алдагдалтай компаниуд 3.4 их наядын алдагдалд ороод байна. Монгол Улсын Засгийн газар 34%-ийг нь эзэмшдэг “Оюутолгой” ХХК 3 их наяд төгрөгийн алдагдал хүлээж, нийт алдагдлын 89.8%-ийг дангаараа бүрдүүллээ. Улаанбаатарыг утаанаас салгах үүрэгтэй “Тавантолгой түлш” ХХК нийт алдагдлын 6.4%-ийг бүрдүүлж, хамгийн их алдагдал хүлээсэн компаниудын 2-рт оров.

Төрийн өмчийн компаниуд 2023 онд улсад 5.4 их наяд төгрөгийн татвар төлжээ. Гэтэл 22.8 их наяд төгрөгийн өртэй байна. Төрийн өмчит компаниуд нэг нэгэндээ нийт 3 их наяд төгрөгийн өр тавьсан байв. Төрийн компани гэдэг бол үнэндээ ард түмний компани. Монголын ард түмний өмчийг зөв зарцуулж, ашигтай ажиллуулан, улсын төсөвт мөнгө оруулах үүрэгтэй. Үүнийг мэдсээр атлаа алдагдалд оруулчхаад, удирдлагууд нь өөрсдийгөө урамшуулдаг. Ноднин 9 компанийн удирдлагууд өөрсдөдөө 971.9 сая төгрөгийн урамшуулал авчээ. Ард олны өмчийг үрэн таран хийчхээд, өөрийгөө шагнадаг ийм хүмүүсийг Засгийн Газар зүгээр орхиж байна. Энэ бол хулгай хийхийг нь зөвшөөрч, бүр өөгшүүлж байгаа хэрэг юм. Хэрвээ хувийн компанийн гүйцэтгэх захирал өөртөө ингэж урамшуулал олгосон бол цагдаад дуудагдан, шүүхэд очиж, хорих руу явах байлаа. Ашигтай ажиллуулсан ч байсан шүү. Төрийн компанид харин ингэж болж байна. Алдагдалд оруулчхаад шүү!

Үндэсний аудитын газар алдагдалтай ажилласан компаниудын 50 орчимд нь  хязгаарлагдмал, 10-аадад нь сөрөг дүгнэлт өгчээ. Аудитын ийм дүгнэлтийг УИХ жил бүр улсын төсөв хэлэлцэхдээ сонсдог ч ганц хоёр хүн лавшруулж асуугаад, олонх нь чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Ийм ноцтой хэргийг УИХ чихнийхээ хажуугаар өнгөрүүлнэ гэдэг бол ард түмний өмчийг Засгийн Газартай хамтран завшиж байгаа хэрэг. Сая 2024 оны улсын төсвийн гүйцэтгэлийг Засгийн Газар танилцуулахад ч ноцтой, нотой олон асуудал ил болсон. УИХ-ын гишүүд хариуцлага тооцсонгүй. Тэгэхээр гишүүдийн эрх ашиг ч төрийн өмчийн компаниудад наалдаастай явж байгаа байх нь.

Төр 2017 онд алдагдал хүлээсэн компаниуддаа 22.9 тэрбум төгрөгийн татаас олгосон бол 2024 онд 275 тэрбум төгрөг болгож, нэмлээ. Энэ бол тухайн компаниудыг алдагдлаас гаргахын оронд урамшуулсан хэрэг. Төр татаас өгөх салбарыг цөөлөх ёстой. Алдагдлаас гарах, ашигтай ажиллахыг шаардах учиртай. Ашгийн төлөө ажилладаг төрийн өмчит компаниудыг хувьчлах хэрэгтэй.

Төр 2017 онд алдагдал хүлээсэн компаниуддаа 22.9 тэрбум төгрөгийн татаас олгосон бол 2024 онд 275 тэрбум төгрөг болгож, нэмлээ

Одоо төрийн өмчит компаниудыг тухайн салбарын яам өмчилж байна. ТУЗ, гүйцэтгэх захирлыг нь сайд томилж, ямар ч хяналтгүй, дураараа дургиж байна. Яагаад ийм байгаа юм бэ? Энэ бол том асуудал. Уг нь УИХ-ын мэдэлд, ард түмний хяналтад баймаар. 2025 онд багтаад, төрийн өмчит компаниудыг олон улсын аудитын байгууллагаар шалгуулахыг Х.Ганхуяг нарын зарим гишүүн шаардах болсон. Энэ нь аргагүй, бас зөв юм.

Тэдний шаардлагаар, аргагүйн эрхэнд Засгийн Газар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж, батлуулсан. Төрийн өмчит компаниудын ТУЗ-д тавих шаардлагыг өндөрсгөж, хараат бус гишүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэхээр уг хуульд тусгажээ. ТУЗ-ийн гишүүдийг одоо Засгийн Газар, яам шууд томилдог. Үүнийг халж, нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгодог болох юм.

Засгийн Газар ийн солгой гараараа хуулийн төсөл боловсруулж, нэг амаараа төрийн өмчит компаниудад реформ хийх тухай ярьж байгаад, баруун гараараа төрийн өмчит компаниудад бүрэн эрхт төлөөлөгч томилж гаршив. Удахгүй бүтээмжийн менежер, хяналтын менежер гэдэг шинэ албан тушаал бий болгож, тийшээ явуулна. Тэдний ажил, үүрэг нь гүйцэтгэх захирлынхтай ижил. Нэг компанийг ингэж 4 толгойтой болгох нь Л.Оюун-Эрдэнэ, түүний нөхдөд л ашигтай. Цүнхчид нь тэндээс цүнхийг нь цүнхтэйгээ түнтийлгэх л гол ажилтай. Тэгснийхээ дараа татан буулгах, нэгтгэх, хувьчлах, өөрчлөх тоглолтоо эхлүүлнэ. Түүнийхээ бэлтгэлийг хэдэн жилийн өмнөөс хангасан нь төрийн өмчит компаниудын алдагдал өссөн, алдагдалгүй компани алдагдалтай болсон зэргээс харагдаж байна.    

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *