Хууль, тогтоолын төслийг яаралтай хэлэлцэхээр шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ


Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.12.26) нэгдсэн хуралдаан гишүүдийн 56.3 хувийн ирцтэйгээр, 10 цаг 07 минутад эхэлж, есөн асуудал хэлэлцэхээр тогтлоо.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу Улсын Их Хурлын дарга өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар мэдээлж, тэдгээрийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлсэн. Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсны дагуу Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулж, төслүүдийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 87 гишүүний 83.9 хувь нь дэмжив. Иймд Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэхийг Улсын Их Хурлын 76 гишүүн дэмжиж, харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалтад оролцсон 89 гишүүний 83.1 хувь нь дэмжиж, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүнээс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Жамсрангийн Самбуу Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутагт 1895 оны 6 дугаар сарын 25-нд мэндэлжээ. Тэрээр 1903 онд нутгийн сайн бичээч Дугарсүрэн гэж хүнд шавь орж гэрээр бичиг үсэг сурч хошуу тамгын газар бичээч болж, 1950 онд Намын шинэ хүчний сургуульд суралцаж төгсжээ. Жамсрангийн Самбуу 1912 оноос Нийслэл хүрээний Түмтийн өртөөнд улаач, 1921 оноос Түшээт вангийн хошууны тамгын газар хавсраа бичээч, 1923 оноос Ардын Засгийн газрын Сангийн яаманд гутгаар зэргийн нягтлан бодогч, 1926 оноос тэргүүн зэргийн нягтлан бодогч түшмэл, 1928 онд эрхэлсэн түшмэл, 1930 оноос Богдхаан уулын (одоогийн Төв аймаг) аймгийн дарга, 1931 оноос Өмнөговь аймгийн дарга, 1932 оноос тус аймгийн шүүхийн даргаар ажиллаж байв. 1934-1937 онд Мал тариалангийн яаманд хэлтсийн дарга, 1937-1941 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д (хуучин нэрээр) суух Бүрэн эрхт төлөөлөгч, 1941-1946 онд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 1946-1950 онд онд Гадаад явдлын яамны Алс Дорнодын хэлтсийн дарга, 1950-1952 онд БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 1952-1953 онд Гадаад яамны орлогч сайд, 1953-1954 онд Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн орлогч даргаар ажиллажээ.

Тэрээр 1954-1960 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Улсын Их Хурлын дарга, 1960-1972 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргаар удаа дараа сонгогдон ажиллахдаа түүний санаачилгаар улсын хөгжил дэвшилтэй холбоотой олон чухал шийдвэр гарсан байна.

Үүнээс үзэхэд, Жамсрангийн Самбуу нь Монгол Улсын төрийн анхан, дунд, дээд шатны албыг 60 жилийн турш ээлж дараатай хашсан, эх орныхоо хөгжил дэвшил, гадаад харилцаанд бодитой хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн, дипломатч хүн юм.

Жамсрангийн Самбуу 1935, 1937, 1943, 1945, 1958, 1961, 1965, 1971 онуудад “Мал аж ахуй дээр яаж ажиллах тухай ардад өгөх сануулга сургаал”, “Малчдад өгөх зөвлөгөө”, “Малчин ардын амьдрал ахуй, хэв заншлаас” зэрэг 12 бүтээл туурвисан нь манай эдийн засгийн уламжлалт салбар мал аж ахуй эрхлэгчдэд өдгөө ч үнэ цэнтэй гарын авлага хэвээр байна.

Монголын Улсын төрийн тэргүүн байсан Жамсрангийн Самбуугийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж БНМАУ-ын хөдөлмөрийн баатар (1968) цол хүртээж, Сүхбаатарын одонгоор дөрвөн удаа, мөн зарим гадаад орны төрийн дээд шагналуудаар шагнасан бол түүний мэргэн ухаан, төрийн ажлын арга туршлага, ур чадварыг нь ард түмэн үнэлж “Монгол төрийн мэргэн өвөө” хэмээн хүндэтгэн нэрлэдэг байжээ.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой 2025 онд тохиож байгаатай холбогдуулан манай орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх үйлсэд түүний оруулсан үнэтэй хувь нэмэр, амьдрал, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах зорилгоор “Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан С.Ганбаатар, Б.Батбаатар нар төслийг хэлэлцэхийг  асуулт асууж, төсөл санаачлагчаас хариулт авав. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх зардлын талаар болон Ж.Самбуугийн мал аж ахуйн талаарх ном, бүтээлийн дахин хэвлүүлэх эсэх талаарх асуултад С.Эрдэнэболд хариулахдаа “Төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийнхээ өвийг түгээн дэлгэрүүлэх нь улс орны хувьд чухал. Ойг тэмдэглэх хүрээнд  Ж.Самбуугийн ном, гар бичмэл болон холбогдох баримтуудыг эмхэтгэх хэвлүүлэх, улмаар баримтат нэвтрүүлэг, кино бүтээхээр төсөлд тусгасан. Мөн гадаад харилцаатай холбоотой, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээрх, төрийн хүний ёс суртахуунтай холбоотой эрдэм шинжилгээний цогц хурлуудыг хийхээр төлөвлөсөн. Зардлын тодорхой хувь төсвөөс, үлдсэн нь нутгийн зөвлөл болон хувь хүмүүсийн хандив, Ж.Самбуугийн нэрэмжит сан гэх зэрэг олон талаас бүрдэнэ. Түүний ном, бүтээлийг цахим хувилбараар хэвлүүлэхээр төлөвлөөд, мэдээллүүдийг нь шинэчлэхээр академич А.Бакей тэргүүтэй эрдэмтдийн баг ажиллаж байгаа” гэлээ. Мөн тэрбээр Ж.Самбуу нь АИХ-ын тэргүүнээр 18 жил ажиллаж байсныг тодотгож байв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 95 гишүүний 56 нь “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэхээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэв. Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар танилцууллаа.

Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдийн гаргасан Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Дунд суудлийн хуралдаанаараа хянан шийдвэрлэсэн байна.

Энэ маргааныг Цэц хянан хэлэлцээд, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт “Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан … татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. … Иргэний хувийн … халдашгүй байдлыг хуулиар хамгаална;” гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.

Мөн Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1 дэх заалтад “татвар төлөгчийн дансны мэдээлэл болон уг данстай холбоотой эзэмшигчийн талаарх мэдээллийг татварын албаны шаардсанаар тухай бүр;”, 34.4.3 дахь заалтад “татвар төлөгчийн дансны гүйлгээний мэдээллийг татварын албанаас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. … Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;” гэж заасныг зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна.

Иймд Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт “Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан …” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр 2024 оны 04 дүгээр дүгнэлтэд дурджээ.

Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан танилцуулсан. Тус Байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 24-ний хуралдаанаараа дээрх дүгнэлтийг хэлэлцээд, гишүүдийн олонх нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут танилцуулав. Төсвийн байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 25-ны  хуралдаанаараа тус дүгнэлтийг хэлэлцээд, гишүүдийн олонх нь хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзсний чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Хууль зүйн болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу өдгөөгөөс хоёр жилийн өмнө гурван асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл хүргүүлсний нэг нь энэ хэмээн тайлбарласан. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх, байр сууриа илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав.

Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт “Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан … татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. … Иргэний хувийн … халдашгүй байдлыг хуулиар хамгаална;” гэж заасныг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоорх санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 97 гишүүний 51.5 хувь дэмжив.

Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул  “Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцож, Д.Амарбаясгалан дарга тогтоолын эцсийн найруулгыг нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Үүгээр чуулганы хуралдаан завсарлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *