Манай улс 1990-ээд оны эхэн рүү дахин ухарч, цахилгаан үе үе тасарч, лаа шүдэнзний эрэлт нэмэгдээд байна. 21 дүгээр зуунд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүүхдүүд лаа барин хичээлээ хийх болов.
Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6-7 хувиар тогтмол өсөж, байгаа хэдхэн станц нь ачааллаа хүчрэхээ больсон, тоног төхөөрөмж нь элэгдэж хорогдоод дуусаж буй учраас ийнхүү хязгаарлалт хийх болсон хэрэг. Хүчин чадал, ачааллаа станцууд хэдэн жилийн өмнөөс л дийлэхээ больсон. Гэвч шинийг барих тухай яриа агаарт уусан замхарсаар 30 жил өнгөрөөд байна. Оронд нь 56 жилийн өмнө ашиглалтад орсон “буурал” ДСЦ-III-ыг өргөтгөх тухай яриа эрчимжлээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны мягмар гаргийн хуралдаанаар Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 18, нийслэлийн хувьд 40 хувийг нь уг станц хангадаг аж. Одоо дулааны III цахилгаан станцыг өргөтгөх буюу бараг шинээр барих гээд буй бололтой. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Энэ станцыг хоёр үе шаттай өргөтгөнө. Эхний ээлжид одоо байгаа захиргааны барилгын нэг хэсгийг буулгаад, 50 МВт-ын хүчин чадалтай турбин, 100 Гкал цагийн хүчин чадалтай зуух суулгана. Дараа нь одоо байгаа, хугацаа нь дууссан ч ашигласаар буй 4х12 МВт-ын дөрвөн турбиныг буулгаж, 2х125 МВт хоёрыг шинээр суурилуулна” гэсэн тайлбар хэлж буй. Ер нь бол буулгаад шинийг барина гэж ойлгож болох нь. Энэ нь олон хүний дургүйцлийг төрүүлж буй юм. Угаасаа хүчин чадал нь хүрэлцэхгүй байхад нэмээд нэг станцаа буулгачихаар юу болох билээ. Хамгийн гол нь уг ажлыг ОХУ-аас 1.5 тэрбум еврогийн экспортын зээл авч гүйцэтгэнэ. Ингэхдээ ОХУ-ын “Интер РАО-Экспорт” компани зураг төслийг нь хийх гэнэ. Зураг төсөл хийхэд л хоёр жил болох юм билээ.
Яагаад заавал технологийн хоцрогдолтой, дайн тулаантай, эдийн засгийн хоригт орсон орноор хийлгэх гээд байна вэ, хоёр дахь Дарханы зам болох нь гэх мэтээр гишүүд шүүмжилж байна.
Үр ашиггүй төсөл, ОХУ тулгаж байна, том гүрний дээрэнгүй авир гаргалаа гэсэн гишүүдэд Б.Чойжилсүрэн “Манай улс өөрсдөө санал тавьсан юм билээ. ОХУ тулгасан юм байхгүй. Мөнгөтэй байсан бол өөрсдөө хийчихнэ шүү дээ” гэсэн тайлбар өгсөн. Тэгснээ 2019 онд Ерөнхий сайд ОХУ-д айлчлах үеэр тус улсын Ерөнхийлөгчийн талаас “Бид Монголоор дамжуулаад Хятад руу хийн хоолой тавина. ТЭЦ-III-ыг Оросын технологиор барьсан. Тиймээс өргөтгөл, шинэчлэлийн төслийг ОХУ-ын компаниудын дунд зарлаач гэсэн. Түүнээс хойш ярьж буй ажил” гэсэн нь өмнөх тайлбараа үгүйсгэв. Бид биш, ОХУ санал тавьж, манайх хүлээж авсан байх нь. Ер нь бол ОХУ тулгасан гэхэд буруудахгүй. Гишүүд ч ингэж хардаж буйгаа хэлж байна лээ. Эрчим хүчний реформ хийж, элгээрээ мөлхсөн энэ салбараа өөд татна хэмээн хамтарсан Засгийн газар төлөвлөөд, амлаад байгаа. Тиймээс ч эрх баригчид сүүлийн 30 жилийн турш баримталсан алдаатай бодлогыг засахаар эрчим хүчний үнийг чөлөөлөөд буй. Ард түмэнд таалагдаж, тэднээс санал авахын тулд үнийг зах зээлийнхээс доогуур хүчээр барьж, татаас өгсөөр ирсний дүнд өнөөдөр энэ салбарын өр, алдагдал хуримтлагдаж, 350 тэрбум төгрөгт хүрчхээд байна. Тиймээс иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэн, цахилгааны үнийг нэмэн байж, зах зээлийн зарчимд нь оруулж буй хэрэг. Төрийн буруу бодлогын золиосыг иргэд нуруундаа үүрэх хэцүү ч өргөн хүрээгээр нь харвал эрчим хүчний үнэ зах зээлийн зарчмаараа явах нь зөв. Нөгөө талаар мөн л 30 гаруй жилийн турш ярьж, гацсан дотоодын сэргээгдэх эрчим хүчний Эгийн голын болон Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг барихаар Засгийн газар оролдож байна. Бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх 14 мега төсөлд нь эдгээр станцыг барих ажил багтсан. Усан цахилгаан станц барих манай төлөвлөгөөг хойд хөрш үргэлж няцааж, эсэргүүцсээр ирсэн юм. Одоо харин хамтрах чиглэлдээ орж буй бололтой.
Магад эдгээр станцаа барихын тулд Засгийн газар ОХУ-ын тулгалтыг хүлээн авч, ДЦС-III-ын төслийг тэднээр хийлгээр буулт хийв үү.
Эсвэл угаас л их гүрний дээрэнгүй бодлого, тулгалтын өмнө хулчийж сууна уу. Ийм дуулиантай зэрэгцээд Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа. Том төслүүдээ хөдөлгөхийн тулд хамтарсан Засгийн газар байгуулснаа Ерөнхий сайд онцолдог. Тэгвэл тэрбээр “Улс төрийн нөлөөт толинд 16-20 жил гацсан төслүүд хөдөлж буй нь хамтарсан Засгийн газрын хамгийн чухал үзүүлэлт юм. Том төслүүд хөдлөх дөхөхөөр эрх ашиг нь зөрчигдсөн олон хүн үймдэг. Эдгээр асуудлыг удахгүй УИХ-аар нээлттэй ярилцана” гэсэн билээ. Монгол Улс хойд хөршийнхөө тулгалт, дарамтад өртөн эдийн засгийн ямар ч үр ашиггүй төсөл хэрэгжүүлж, О.Цогтгэрэл гишүүний хэлснээр “УАЗ-469 машиныг Япон жипний үнээр авах” гээд буй, эсэхийг нэгдсэн чуулганаар үргэлжлүүлэн шүүнэ. Мөн төмөр замын асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ. Шинэ оны баяртай давхцан улс төрийн ертөнцөд хөл хөдөлгөөн хүчтэй өрнөх нь.