ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Г.Нарантуяатай эрчим хүчийг хязгаарлах нь хүний эрхийн зөрчил мөн эсэх талаар ярилцлаа.
—————————————————————————–
-Нийслэл хотын эрчим хүчийг хэд хэдэн удаа хэсэгчилж хязгаарлалаа. Үүнээс гадна тогны төлбөрөө төлөөгүй айл, өрхүүдийн тогийг тасалж байна. Ингэснээр дулаанаа цахилгаанаар шийдсэн айл өрхүүд “гал алдахад” хүрч байна. Энэ нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл мөн үү?
-Цахилгаан станцын чадавхад тохируулж хязгаарлалт хийж болно. Ерөнхий зарчмын хувьд энэ бол байх боломжтой зохицуулалт. Гэхдээ ямар нөхцөлд, ямар зорилгоор авч хэрэгжүүлж байгаа нь хүний эрхийн эрх зүйтэй хамааралтай. Өөрөөр хэлбэл, үр дагавар нь зарим тохиолдолд хүний эрхийг ноцтойгоор зөрчигдөхүйц нөхцөл байдлыг үүсгэх боломжтой.
-Энэ асуудлаас үүдэн хүний ямар ямар эрх зөрчигдөх эрсдэлтэй вэ?
-Хамгийн эхэнд, хэзээ, хаана, хэдий хэр хугацаанд цахилгаан хязгаарлах тухай мэдээллийг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх ёстой. Ингэснээр иргэд, олон нийтийн зүгээс ямар үр дагавар гарахыг тооцож, арга хэмжээ авах боломж, нөхцөл бүрдэнэ. Хоёрдугаарт, эмнэлэг, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах байр зэрэг зарим стратегийн ач холбогдолтой газруудад тог хэрхэвч тасалж болохгүй. Нөөц цахилгааны эх үүсвэртэй байх арга хэмжээг төр засгаас заавал хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, цахилгаан хязгаарласнаас үүдэн хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц нөхцөл байдалд цахилгаан тасалж хэрхэвч болохгүй. Хүйтний улирал манай оронд удаан үргэлжилдэг, Улаанбаатар хотыг дэлхийн хамгийн хүйтэн хот гэдэг шүү дээ. Тиймээс Монгол Улсын газар зүйн байрлал, уур амьсгалын онцлогоос шалтгаалан цахилгаан хязгаарлахад анхаарах ёстой хэд хэдэн чухал асуудал бий.
Тухайлбал, тухайн айл өрхүүд зөвхөн цахилгаанаар д улаанаа шийдсэн тохиолдолд цахилгааныг нь хязгаарлах нь хүний эрхийн зөрчил үүсгэж болзошгүй. Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, зохистой орон байраар хангагдах эрхийг нэн тэргүүнд хүний эрхийн эрх зүйгээр баталгаажуулсан байдаг. Энэ бол Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн олон улсын пактаар Монгол Улсын хүлээсэн үүрэг. Мөн Эрчим хүчний тухай хуульд “Хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэхгүй байх”-ыг заасан байдаг. Төлбөрөө төлөөгүй гэдэг шалтгаанаар зөвхөн цахилгаанаар халдаг айл өрх, албан байгууллагын тогийг таслах нь хүний эрхийн зөрчил үүсгэнэ. Төлбөрөө төлөөгүй гэх асуудлыг иргэний эрх зүйн журмаар шийдвэрлэж болно.
Тухайлбал, цахилгааныг нь хязгаарлах замаар биш, хүү алданги тооцож төлбөрөө нэмэгдүүлэх замаар асуудлыг шийдэх боломжтой. Манай улсын хууль, тогтоомжид цахилгааны хязгаарлалтыг хэрхэн хийх талаар зохицуулалт тусгах шаардлагатай. Түүнчлэн энэ талаарх өргөдөл гомдлыг шийдвэрлэх журмыг тогтоож өгөх ёстой. Манай улсын хууль тогтоомжид энэ тухай нарийн зохицуулсан зохицуулалт байхгүй.
-ХЭҮК энэ асуудал дээр ямар чиг үүрэг гүйцэтгэдэг вэ?
-Манай байгууллага иргэдээс өргөдөл, гомдол х үлээн авч шалгаж шийдвэрлэдэг. ХЭҮК-т өргөдөл, гомдол гаргахдаа тухайн асуудлыг зохицуулсан өөрийнх нь дотоод механизм руу гомдол гаргаад, тухайн механизм ажиллахгүй бол ХЭҮК нэмэлт хөшүүргийн үүргийг гүйцэтгэж ажилладаг. Тухайн механизмуудыг зөв зохистой ажиллахад нь нэмэлт хөшүүрэг болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний зохицуулах хороо, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төв, цагдаа, онцгой байдал зэрэг байгууллагууд үүргээ биелүүлээгүй тохиолдолд ХЭҮК-т гомдол гаргах боломжтой.
Улс орны эдийн засагтай холбогдуулан цахилгаан зайлшгүй хязгаарлахаас аргагүй нөхцөл байдал үүсч болно. Энэ тохиолдолд и ргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх, зорилтот бүлгийн иргэдийг хэрхэн хамгаалах, мөн цахилгааны хязгаарлалтад хэн өртөж байгааг мэддэг байх ёстой. Иргэд хаана амьдарч байгаа нь дийлэнх тохиолдолд тухайн хүний амьжиргааны түвшинтэй нягт холбоотой байгаа учир зорилтот бүлгийн оршин суудаг газарт түлхүү анхаарал хандуулах нь зүйтэй юм.
-Хоёр ээлжээр хичээллэдэг сургуулиудад цахилгааны хязгаарлалт хийснээс болж сүүлийн цагийн хичээлийг орох боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Энэ нь хүүхдийн сурч, боловсрох суурь эрхийг зөрчиж байгаа явдал мөн үү?
-Хүний эрхийн зөрчил мөн эсэхийг ерөнхий тохиолдолд тодорхойлоход бэрх. Энэ тохиолдолд хүүхдийн сурч, боловсрох эрх зөрчигдөх эрсдэлтэй. Сургууль нь ч, гэрт нь ч цахилгаангүй бол хүүхэд хичээл хийх, сурах боломжгүй болно. Цахилгаан тасарснаар иргэдийн ажил, амьдрал, амь нас, эрүүл мэндэд ноцтой үр дагавар үүсээгүй тохиолдолд үүнийг хүний эрхийн зөрчил гэж хэлэх боломжгүй. Хүний эрхийн эрх зүй гэдэг тэнцвэрийн эрх зүй байдаг. Тиймээс тодорхой тохиолдолд л хүний эрх зөрчигдсөн эсэх тухай хар, цагаан дүгнэлт хэлэх боломжтой. Харин ерөнхий тохиолдолд хүний эрх зөрчигдөж болзошгүй, эрсдэлтэй, эсвэл хүний эрхийн эрх зүйд хамаарах асуудал биш байна гэдгийг хэлнэ.
-Өндөр хөгжилтэй улс орнуудад тухайлбал, АНУ-д цаг агаар цельсийн 0 градусаас бага үед тог таслахыг хориглосон хүний эрхийн хамгаалалт байдаг. Үүн шиг дэлхий нийтэд өөр ямар сайн жишиг байдаг юм бол?
-АНУ-ын Миннесота, Миссури муж улс, мөн Европын холбооны зарим улс орнуудад цахилгаан хязгаарлахыг хориглосон байдаг юм билээ. Энэ хориглолтыг хийхэд хэзээ ч тасрахгүй, маш найдвартай эрчим хүчний эх сурвалжтай байх ёстой. Хүний эрхийн эрх зүй гэдэг хууль зүйн нарийн гаргалгаатай, хууль зүйн зарчмуудын үндсэн дээр хэрэгжүүлдгээрээ онцлогтой. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн олон улсын пактад заасан эрхийг улс орнууд хэрэгжүүлэхдээ байгаа төсвийн хүрээнд аажмаар ахиц гаргах замаар хэрэгжүүлдэг прагматик мөн чанартай. Өөрөөр хэлбэл, төлөвлөж хэрэгжүүлдэг мөн чанартай гэсэн үг. Энэ эрхийг хангахын тулд байгаа нөөцөө зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл, “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг зарчим хэрэгждэг. Гэтэл үүний нөгөө талд амьд явах, эрүү шүүлтээс ангид байх, халдашгүй чөлөөтэй байх, шударгаар шүүлгэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхүүд шууд хэрэгжих ёстой. Сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах, хөдөлмөрийн таатай нөхцлөөр хангуулах, шинжлэх ухааны үр шимээс хүртэх, зохистой орон байраар хангагдах, ундны цэвэр устай байх зэрэг эдийн засаг, нийгэм соёлын эрхийн хэрэгжилтийг хангахдаа төр өөрийнхөө дээд хүчин чармайлтыг гаргаж байна уу гэдэгт зөрчил нь яригддаг.
-Манай улс ойрын хэдэн жилдээ эрчим хүчний хувьд гаднаас хараат хэвээр байна. Ирэх жилүүдэд ч цахилгааны хязгаарлалт тодорхой хэмжээнд хийгдэж, хүний эрх тодорхой хэмжээгээр зөрчигдөх байх. Цаашдаа бид яах ёстой вэ?
-Энэ бол Засгийн газарт хамааралтай асуудал. Монголчууд хэзээ маш найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болох юм бэ. Энэ талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хэрхэн тусгагдсан, хэн, ямар арга хэмжээ авч байна, ямар бодлого шийдвэр гаргаж байна вэ гэдэг чухал. Өнгөрсөн өвлөөс дулааны цахилгаан станцуудын найдваргүй байдал, урсгал засвар болон их засвар огт хийгдэхгүй байгаа, Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан тасрах эрсдэлтэй болсон гэдгийг мэргэжилтнүүд олон удаа хэлсэн.
Гэтэл өнөөдөр ямар байдалтай байна вэ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, нийгэм соёлын эрхийн хүрээнд аажмаар ахиц гаргах ёстой гэдэг зарчимд нийцэхгүй байна гэсэн үг. Хэрэв цахилгааныг хязгаарлах гарцаагүй шаардлага үүссэн тохиолдолд холбогдох эрх зүй, дүрэм журмын хүрээнд хамгаалалтын арга хэмжээ заавал бий болгох ёстой. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон улсын гэрээ, конвенцийн түвшинд энэ асуудлаар ХЭҮК Засгийн газарт байр суурь илэрхийлэх боломжтой.
-Цахилгааны төлбөрөө төлөөгүй л бол цахилгааныг нь таслах нь зүйтэй гэж үзэж байгаа хууль тогтоогчид байна. Энэ хандлага зөв үү?
-Төлбөрөө төлөөгүй л бол цахилгааныг нь хязгаарлах нь зүйтэй гэдэг бол хүний эрхийн талаасаа өрөөсгөл ойлголт. Өвлийн улиралд тухайн орон байр зөвхөн цахилгаанаар халдаг бол хүнлэг шийдвэр гаргах ёстой. Үндсэн хуульд “Хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг бий болгоно” гэж заасан байдаг. Гэтэл тог тасалж байгаа нь хүнлэг биш. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн зарчим зөрчигдөх нөхцөл байдал үүсч байна гэсэн үг.
Ө.Анхзаяа