Евразийн эдийн засгийн холбооны дээд байгууллага болох Евразийн эдийн засгийн комиссын дээд зөвлөл пүрэв гаригт ОХУ-ын Ленинград мужид хуралдаж, хуралд оролцогч талууд хамтын зах зээлийн үйл ажиллагаа зэрэг хэд хэдэн баримт бичгийг баталсан байна.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Беларусийн ерөнхийлөгч А.Лукашенко, Киргизийн ерөнхийлөгч С.Жапаров нар мөн өдрийн хуралд оролцож, Евразийн эдийн засгийн холбоог даргалагч Армен улсын ерөнхий сайд Н.Пашинян зэрэг бусад албаны хүмүүс уулзалтыг алсын зайнаас видео хэлбэрээр даргалан явуулжээ. Талууд тус холбооны 2024 онд хийсэн ажлын ололт амжилтыг дүгнэж, интеграцичлал, цаашдын төлөвлөлттэй холбоотой асуудлаар зөвшилцөж, Евразийн эдийн засгийн холбоо болон гуравдагч талуудын хооронд байгуулсан гаалийн транзит тээврийн нэгдсэн тогтолцооны тухай хэлэлцээр, “Евразийн эдийн засгийн холбооны гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай протокол, Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд нийтлэг үйлчилгээний зах зээлийг ажиллуулах тухай тушаал, Евразийн эдийн засгийн холбооны цахилгаан эрчим хүчний нэгдсэн зах зээлийг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээний хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, Евразийн эдийн засгийн холбооны 2025 оны олон улсын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн тухай шийдвэр зэрэг хэд хэдэн баримт бичгийг баталжээ. 2024 онд “Евразийн эдийн засгийн холбооны гэрээ”-нд гарын үсэг зурсны 10 жилийн ой тохиож байна.
2014 оны 5-р сарын 29-нд ОХУ, Беларусь, Казахстан гэсэн гурван улс “Евразийн эдийн засгийн холбооны гэрээ”-нд гарын үсэг зурж, улмаар 2015 оны 1-р сарын 1-нд Евразийн эдийн засгийн холбоо албан ёсоор байгуулагдаж байсан бол өнөөдөр тус холбоонд ОХУ, Казахстан, Беларусь, Киргизстан, Армен улсууд багтаж байна. 2025 оны 1 дүгээр сарын 1-нд Беларусь улс нь Армений ажлыг залган авч, Евразийн эдийн засгийн холбоог даргалан ажиллах болно.