Бид өглөө болгон ажил руугаа явахдаа хаа саагүй гудамж, зам, талбай цэвэрлэж байгаа ТҮК-ийн ажилчдыг хардаг. Мөн орон сууцны шугам задрахад, аливаа гэмтэл гарахад тэр бүгдийг оршин суугчид өөрсдөө засаад байдаггүй. Энэ бүгдийг бидний өмнөөс нийтийн аж ахуйн салбарын ажилчид хийдэг. Өнөөдөр халуун устай, цэвэрхэн орон сууцанд амьдарч байгаа нь НААС-ын ажилчдын ач юм. Тэд байхгүй бол бидний хүрээлэн буй орчин хог шороондоо дарагдаж, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагууд халаалтгүй, гудамж, талбай хог шороондоо дарагдаж, өнгө үзэмжээ алдана.
СӨХ-ны төлбөрөө төлөхийн оронд зоджээ. Зодуулсан ажилчныг шүүх торгожээ
Бидний хүрээлэн буй орчныг үргэлж цэвэрлэх, засах чухал ажил хийдэг хүмүүс мөрөөрөө ажлаа хийгээд явж байхдаа ажлын байрны дарамтад хамгийн их өртдөг гэх судалгаа гарчээ. Энэ судалгааг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дэмжлэгтэйгээр Европын Холбооны санхүүжилтээр МҮЭХ 2024 онд анх удаа хийсэн байна. Тус судалгаанд орон сууцны байгууллага, СӨХ, ТҮК-ийн 1638 ажилчныг хамруулжээ. Судалгаанд оролцсон ажилчид ажлын байрны шахалтад ордог, гуравдагч этгээд буюу үйлчлүүлэгч нарт хэл амаар доромжлуулдаг, бүр зодуулдаг талаараа дурджээ. Жишээ нь: СӨХ-ны төлбөрөө 3 сар төлөөгүй өрхийн эзнээс төлбөрөө төлөхийг шаардахад, биед нь халдаж зоджээ. Шүүхэд хандтал, зодуулсан ажилчныг Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгожээ. Ингэж зодуулсан дээрээ нэмээд, эдийн засаг, сэтгэл санааны давхар хүчирхийлэлд өртсөн хүн байна.
Уг судалгаанд оролцсон, ажлын байрны дарамтад орсон хүмүүсийн 41 хувь нь сэтгэл зүйн хувьд тогтворгүй болсон, 12.9 хувь нь хөдөлмөрийн бүтээмж, идэвх суларсан, 13.4 хувь нь эрүүл мэндээрээ хохирсон, 3.9 хувь нь хурдан тэтгэвэрт гарах тухай бодсон, 13.4 хувь нь ажлаа солих тухай бодох бодсон, 1.8 хувь нь ажлаасаа гарсан, 13.7 хувь нь бусад үр дагавар үүссэн гэж хариулжээ.
Б.Энхтөгс: СӨХ маш чухал үйлчилгээ
МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хорооны дарга Б.Энхтөгс “Хүн болгон орон сууцтай болохыг хүсдэг. Орон сууцны СӨХ гэдэг чинь Улаанбаатар гэлтгүй орон нутагт ч маш чухал үйлчилгээ болчихсон. Жишээ нь: 1 айл 6 хувийн зээлээр 300 сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдан авъя гэж бодоход, СӨХ-ны үйлчилгээ муу байвал тухайн орон сууц үнэлгээгээ алдана. Иргэн хүнд ч хохиролтой.
Зам дээр ТҮК-ийн ажилчид цэвэрлэгээ хийж зогсоход хүмүүс хэр хүндэтгэлтэй ханддаг билээ. Гудамжаар явж байгаа хүмүүс нийтийн үйлчилгээний ажилчдын ажлын байран дотор явж байгаа гэдгээ ойлгох ёстой. ТҮК-ийн ажилчны хажууд хогоо хаяад явчихдаг байдлыг бид таслан зогсоох ёстой юм байна. Яагаад вэ гэхээр ажилчид гуравдагч этгээдийн дарамтад маш их өртөж байна. ТҮК-ийн ажилчдын ажлын байрны орчин аюултай байна. Машины хөдөлгөөн дунд аюулгүй тэмдгээ тавиад, хог цэвэрлэж байхад жолооч нар сигналддаг, цочоодог. Дээрээс нь дарамталсан, дээрэлхсэн байдлаар харьцдаг. Энэ бол хүний хөдөлмөр эрхлэлтэд байж болохгүй үйлдэл юм.
СӨХ, ТҮК, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын үйлчилгээг авахгүйгээр хүмүүс цэвэр тухтай орчинд амьдрах ямар ч боломжгүй. Ийм чухал үйлчилгээг хамгийн сайнаараа хийж байгаа хүмүүсийг нийгмээрээ хүлээн зөвшөөрөх, хүндлэх хэрэгтэй. Энэ хүмүүсийг ажлын байран дээр нь дээрэлхэхгүй, гадуурхахгүй байх нь чухал” хэмээн ярив.
Өмссөн хувцас, гаднах төрхөөр нь доромжилдог
Ажлаа хийхээр айл руу ороход, өмссөн хувцас, гаднах төрхөөр нь доромжилж, таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн олон байдаг талаар засварчин Г.Баянмөнх ярилаа. Тэрээр энэ салбарт 35 дахь жилдээ ажиллаж байна. “Ажлын байрны орчин нөхцөл, цалин хангамж маш муу. Бүх төрлийн татвараа төлөөд, олон жил ажилласны нэмэгдэл бодогдоод, сард 1.2 сая төгрөгийн цалин гар дээр авна. Цөөхөн жил ажилласан ажилчид үүнээс бага авдаг. Ийм цалингаар амьдралаа дээшлүүлнэ гэдэг маш хүнд. Дээрээс нь залуучууд ажиллахаа байсан. Залуучууд ирдэг ч 2-3 сар болоод, ажлаасаа гардаг. Шалтгаан нь цалинтай холбоотой” гэж тэр ярив.
Орон сууцны конторын ажилчдын дундаж цалин 1.2 сая төгрөг аж. Тэгвэл ТҮК-ийн ажилчдын цалин ч харилцан адилгүй байна. Өнгөрсөн 7-р сараас 3.5 сая төгрөг болж нэмэгдсэн ч бүх ажилчны цалин нэмэгдээгүй аж. Ялангуяа орон нутгийн ТҮК-ийн ажилчдын цалин нэмэгдээгүй. Орон нутгаасаа хамаарч, цалин өөр байгаа юм. Орчин, байрлал нь өөр ч адилхан нөхцөлд хүнд ажил хийж байгаа хүмүүсийн цалин ялгаатай байгааг энэ салбарынхан шүүмжилж байна.
Нийтийн аж ахуйн салбарт 22.700 гаруй ажилчин бий. Тэдний 45.2 хувийг орон сууцны байгууллага, 31.7 хувийг СӨХ, 23 хувийг ТҮК-ийн ажилчид бүрдүүлж байна.
Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн боловсролын түвшин:
Дээд боловсрол эзэмшсэн 38.2%
Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшсэн 11.4%
Бүрэн дунд боловсролтой 33.5%
Бүрэн бус дунд 14.4%
Сургууль төгсөөгүй 2.5%
Товчхондоо мэргэжлийн боловсон хүчний дутагдалд орсон нь үүнээс харагдана. Мөн залуу боловсон хүчин хамгийн том асуудал болжээ. Зарим эцэг эх нийтийн үйлчилгээний хүмүүсийг хараад хүүхдэдэ “Чи муу сурвал ийм хүн болно шүү” гэж хэлдэг. Үнэндээ “Энэ хүмүүс байгаа учраас бид өнөөдөр эрүүл ахуйн шаардлага хангасан байранд амьдарч, цэвэрхэн гудамжаар алхаж байгаа шүү. Хэрвээ энэ ажлыг хийдэг хүмүүс байхгүй байсан бол бид өнөөдөр ингэж амьдрах ямар ч боломжгүй. Үүнийг бид өөрсдөө хийх байсан” гэж хүүхдүүдээ багаас нь ойлгуулах нь чухал юм. Тиймээс бидний мэддэг ч төдийлөн анзаардаггүй хамгийн чухал ажил хийдэг нийтийн аж ахуйн салбарын ажилчдыг бүгдээрээ хүндэлж, урмын үгээр тэтгэж, хүүхэд багачууддаа ч зөв ойлгуулж байя!