Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн нутгаар урсах Сэлэнгэ мөрнийг гүүргүй газраар мөсөн дээгүүр гарч явсан суудлын автомашин өчигдөр цөмөрч, голын мөсөнд суужээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдыг дуудлагаар очиход, иргэн Б ”Лексус-450” загварын машинтайгаа Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд 4 зорчигчтой явж байжээ. Тэдний машины 4 дугуй голын хойд эргээс 20 метр зайд цөмөрч орсон байсан аж. Уг машиныг аврагчид 18:07 цагт татан гаргалаа.
Он гарсаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 29 тохиолдол онцгой байдлын албанд бүртгэгдэж, аврагчид 49 иргэний аюулгүй байдлыг ханган, 24 тээврийн хэрэгслийг аюулгүй болголоо. Иймд цаг товчлох, зам хожих зэргээр гол, нуурын мөсөн дээгүүр явахгүй байх, авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ анхааруулж байна!