-Манай улс тусгаар тогтнолоо сэргээсний 113 жилийн ой удахгүй тохиох гэж байна. Ер нь тусгаар улс болсноо тунхаглахаас өмнөх тэмцлийн талаар түүхэнд хэрхэн тэмдэглэж үлдсэн байдаг вэ?
-XVII зуунд Өвөр, Ар Монгол тухайн үед хүчжин мандаж байсан Манж, Зүрчидийн эрхшээлд орсон юм. ХХ зууны эхэн үеэс Манж Чин улс зах хязгаар Монгол нутагт явуулж ирсэн уламжлалт бодлогоо өөрчилсөн. “Шинэ засгийн бодлого” гэж түүхэнд нэрийддэг энэ бодлогын агуулга нь Монгол орны баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ингэхийн тулд хятад иргэдийг Монгол нутагт олноор оруулж ирэх, бэлчээр газрыг хагалбарлах, улмаар хятадчилах явдал байсан юм. Үүний үр уршиг нь Өмнөд Монголд тод томруун мэдрэгдэж, газар шороо, бэлчээр нутгаа алдсан өвөрлөгч ноёд, түшмэд шинэ засгийн бодлогыг эсэргүүцэн тэмцсэн. Тэдгээр хүмүүсийн дунд Б.Хайсан, сахалт лам н.Бөхбаян нарын улс гэрээ сэргээн мандуулах үзэл санаа бүхий хүмүүс байсан юм.
1909 онд Саньдо гэж Хөх хотын дэд захирагч байсан, тал монгол нөхөр Хүрээнд суух амбанаар томилогдон ирж, шинэ засгийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг хүчлэн явуулсан байдаг.
Халх монголчууд энэ бодлогыг дээш доошоо бичиг өргөх зэргээр янз бүрээр эсэргүүцэн тэмцсэн. Энэ үйл явцын дүнд тусгаар тогтнолын үзэл санаа бүрэлдэн тогтож, Халхын шарын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтыг тойрон хүрээлж нэгдэн нягтарсан. Манж, Хятадыг эсэргүүцэх нийгмийн сэтгэл зүй ч бүрэлдэн бий болж эхэлсэн. Тухайлбал, Хүрээний Гандан хийдийн лам нар, хятад худалдаачдын дунд гарсан зодоон бол үүний нэг баримт юм. Түлээ модны үнээс болж маргалдаж, хэдэн лам нар хятад дэлгүүрийг түйвээсэн гэдэг. Тэднийг эргүүл цагдаагийнхан баривчлахад лам нар дайран суллаж, Сандо амбан уг мөргөлдөөнийг зохицуулах гэж очоод “чулуун мөндөр”-т цохиулж буцсан. Энэ хэргийг үйлдсэн хүмүүсийг гаргаж өгөхийг Сандо шаардаж, чухам энэ үеэс Богд гэгээн, шанзав Бадамдорж тэргүүтэн Сандо амбантай илтэд эвдрэлцсэн гэдэг. Энэ мэт үйл явдал энд тэндгүй л болж байж. Тод томруун үлдсэн баримтын нэг нь энэ. Өөрөөр хэлбэл “Шинэ засгийн бодлого”-ын жинхэнэ үр дагаврыг халх монголчууд ойлгож, Ар Монголд хүчлэн хэрэгжүүлэхийг эсэргүүцэж байсан юм. Үүний зэрэгцээ Хятад газар ч мөн л Манжийн төрийг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн дэгдсэн. Үүнийг “Синьхайн хувьсгал” гэж нэрлэдэг дээ.
-Арванхоёрдугаар сарын 29-ний энэ өдрийг түүхэн талаас нь ямар гол баримтыг монгол хүн бүр мэдэх ёстой юм бол?
-Тухайн үед хойд хөрш Хаант Орос улсаас улс төрийн дэмжлэг тусламж авах шийдэлд хүрсэн. Нэр бүхий төлөөлөгчдийг томилон явуулсныг бид мэднэ. Оросын тал монголчуудын үндэсний байдлаа хадгалах гэсэн санал санаачилгыг дэмжих, чингэхдээ дипломат шугамаар “Шинэ засгийн бодлого”-ыг зогсоох улс төрийн шахалт үзүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Харин монголчууд Манжаас салж гэрээ байгуулах ажлыг хэрэгжүүлэх, энэ ажлыг зохион байгуулах Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар буюу “Түр Засгийн газар”-ыг байгуулсан.
Энэ “Түр Засгийн газар” үндсэн хоёр ажлыг нугалсан. Нэгдүгээрт, Манжийн засаг захиргаа, манж амбанг хөөж явуулах, хоёрдугаарт, Монгол Улсыг тунхаглаж, эзэн хааныг өргөмжлөх ёслолын ажиллагааг зохион байгуулах ажил байсан.
Сандо амбан Хүрээнээс зүгээр яваад өгөхгүй нь ойлгомжтой. Монголчууд цэрэг татах ажлыг зохион байгуулж, Хүрээний ойр орчмын хошуудаас маш богино хугацаанд цэрэг татаж чадсан. Тэгээд цэрэг цуух цуглуулсан шалтгаанаа юу гэж тайлбарласан бэ гэхээр бид Манж эзэн хааны хишгийг олон жил хүртлээ, урд газар дайн самуунтай байна. Тийм учраас эзэн хаанаа хамгаална, цэргийн зэвсэг, хүнс хэрэглэл нэн даруй олго гэж шаардаж байна. Тун удалгүй энэхүү шаардлагын хариуг өгсөнгүй, тиймээс бид өөрсдийгөө хамгаална. Амбантны аюулгүй байдлыг хангаж чадахгүй, тиймээс Монгол нутгаас нэн даруй гарч явахыг шаардсан. Тэгээд Сандо амбан ч зугтаж, Оросын консулын газарт хоргодож, орос цэргээр хамгаалуулан Хиагтаар дамжаад нутаг руугаа буцсан даа. Ингээд манж амбаныг хөөн гаргаж, Монгол Улсаа тунхаглан зарлах, эзэн хаанаа залах арга хэмжээнд шилжсэн байдаг.
-1911 оны хувьсгалын үйл хэрэгт ямар хүмүүс зонхилох үйл хэрэг гүйцэтгэсэн байдаг вэ?
-Манай зарим судлаачид Халхын зүүн хоёр аймаг буюу Түшээт хан, Сэцэнхан аймгийн ноёд голлох оролцоотой байсан гэж үзсэн нь бий. Үнэхээр энэ хувьсгалыг удирдан хэрэгжүүлсэн Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газрын бүрэлдэхүүн хийгээд Монгол Улсын таван яамны анхны сайд нарыг харахад голдуу Түшээт хан, Сэцэн хан аймгийн засаг ноёд байдаг. Улс Монголоо сэргээн мандуулах үйл хэрэгт Түшээт хан аймгийн чуулган дарга Г.Чагдаржав, Түшээт хан аймгийн жанжин М.Ханддорж, Их Хүрээний да лам Г.Цэрэнчимэд, Сэцэн хан аймгийн засаг Гомбосүрэн, Сайн ноён аймгийн засаг Цэдэнсодном нарын Халхын ихэс дээдэс голлох оролцоотой байсан. Мэдээж гол хүн бол Халхын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагт байсан.
-1911 оноос Олноо Өргөгдсөн Монгол Улсын үе эхэлдэг. VIII Богд гэгээнийг Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөх ямар шалтгаан, нөхцөл байсан бэ?
-Ер нь хаан ширээнд хэнийг өргөмжилж залах вэ гэдэг асуудал өрнөсөн шиг байгаа юм. Халхын дөрвөн хан, олон засаг ноёд бүгд Чингис хааны удмын, хиад ястай, боржигод овогтой, сурвалжит язгууртнууд. Тэдгээрээс хэн нь хаан болох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Өмнө хэлсэнчлэн “Шинэ засгийн бодлого”ыг эсэргүүцэж байсан Монголын дэвшилт түшмэд, ноёд бүгд Богд гэгээнийг тойрон хүрээлж байсан. Богд гэгээн бол тухайн үедээ асар их нэр нөлөөтэй нэгэн байсан. Тэрээр Халхын шарын шашны тэргүүн, Халх гэлтгүй монгол угсаатнуудын дунд нэр нөлөөгөөрөө түүнтэй өрсөлдөхүйц хүн байгаагүй юм. 1911 онд халх монголчууд улс Монголоо сэргээн мандуулах, бүх монгол угсаатныг нэгтгэхийг зорьж байсан. Тийм учраас нийт буюу даяар монголчуудын дунд хүлээн зөвшөөрөгдсөн тийм хүнийг эзэн хаанд өргөмжлөх нь дээрх зорилгодоо хүрэх гол гарц байсан. Хоёрдугаарт, энэ хүн бол анхдугаар Богд гэгээний хойд дүр, Өндөр гэгээн бол Чингис хааны угсааны сурвалжит гэр бүлээс гаралтай хүн. VIII Богд гэгээн хэдийгээр харь гаралтай боловч өөрийгөө монгол гэж үздэг байсан юм шүү. Ер нь Монголын тусгаар тогтнолын төлөө цохилох зүрх зоригтой бол тэр хүний угсаа гарал, уг шаг чухал биш гэж би боддог. Түүнчлэн Богд гэгээн захирч байгаа шавь, эдэлж байгаа эрх ямбаараа Халхын ноёд язгууртнуудын дунд хамгийн чинээлэг нэгэн байсан. Богд гэгээнийг Монгол Улсын эзэн хаанд өргөмжлөх хамгийн гол шалтгаан нь монголчуудын оюун санааны удирдагч гэж хүлээн зөвшөөрөгдсөн явдал байсан.
-Арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шалтгаан нь юу юм бол. Таны хувьд орчин үеийн залуус түүх соёлоо хэр мэдэж, хүндэтгэж ойлгож байх шиг байна?
-ЕБС-ийн түүхийн хичээлийн хөтөлбөрт 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын тухай орж байгаа. Гэхдээ саяхан болтол хүүхэд залуус, иргэд энэ өдрийн үнэн учир, үнэ цэнийг тоохгүй байсан. Арванхоёрдугаар сарын 29 бол шинэ жилтэй ойрхон өдөр учраас шинэ жилийн сүр дуулианд дарагддаг байсан. Төрөөс энэ өдрийг бүх нийтээр амрах, тэмдэглэлт өдөр болгосны дүнд үнэ цэнийг нь манай хүүхэд залуучууд мэдэрч эхэлж байна. Ер нь бид өөрсдийнхөө түүх соёлыг мэдэрч ухаарч хайрлаж, өвлөх ёстой. Биднийг бусад үндэстнээс ялгаж, тодотгож байгаа зүйл бол түүх, соёл маань юм. Манайх шиг агуу их түүхтэй улс үндэстэн, дэлхий дээр тун цөөхөн шүү. Энэ өдөр бол монголчууд тусгаар тогтнолоо сэргэн мандуулсан өдөр. XX зуунд дэлхийн улс төрийн газрын зураг дээр Монгол Улс гэдгийг шинээр тамгалж зурсан түүхт өдөр. Тийм учраас Монгол Улсын иргэн, монгол угсаатан бүгдээр зүрх сэтгэлдээ тээж явдаг, баярладаг ийм л өдөр. Зайлшгүй тэмдэглэх ёстой. Энэ өдрийг 11 дүгээр сарын 26-ны өдөртэй хольдог, андуурдаг зүйыл бий. Тиймээс энэ өдрийн нэрийг хөндөх зайлшгүй шаардлага байгаа учраас “Тусгаар тогтнолын өдөр” гэж хуульдаа зааж, нэрлэж занших нь их чухал гэж боддог.
Г.Балгармаа