БНСУ-ын сөрөг хүчний хууль тогтоогчид ерөнхийлөгч Юн Сок Ёлыг импичментээр огцруулах санал хураалтыг парламентад амжилттай явуулснаас хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа тус улсын төрийн тэргүүний үүргийг түр гүйцэтгэгч, Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Док Су-г мөн импичментээр огцруулах саналыг гаргаад байна. Сөрөг хүчний Ардчилсан намаас дэвшүүлсэн Үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр томилох нэр дэвшигчийг Хан Док Су эсэргүүцэж, томилохоос татгалзсаны дараагаар ийнхүү түүнийг импичментээр огцруулах саналыг дэвшүүлжээ. Сөрөг хүчний зүгээс мөн түүнийг энэ сарын 3-ны өдөр цэргийн онц байдал зарлахад Юн Сок Ёлд эрх мэдлийн хүрээнд тусламж дэмжлэг үзүүлсэн хэмээн буруутгаад байгаа юм. Ерөнхий сайд Хан Док Су ерөнхийлөгчийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, зогсоож чадаагүйдээ өмнө нь уучлалт гуйсан билээ. Ийнхүү Хан Док Су-г импичментээр огцруулах тухай асуудлаарх парламентын санал хураалтыг ойрын 24-72 цагийн дотор явуулахаар боллоо. Түүнийг огцруулахын тулд Үндэсний Ассамблейн 300 гишүүний 151 нь дэмжсэн санал өгөх ёстой юм. Сөрөг хүчний Ардчилсан нам Үндэсний Ассамблейд 170 суудалтай. Хэрвээ хууль тогтоогчид ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Хан Док Су-г огцруулахаар болвол хуулийн дагуу эрэмбээрээ Сангийн сайд Чой Сан Мок дээрх албан тушаалыг түр гүйцэтгэх болно. Харин ерөнхийлөгч Юн Сок Ёлын шүүх хурлын анхны сонсгол энэ долоо хоногийн сүүлээр болох гэж байна. Прокуроруудын зүгээс түүнд мэдүүлэг өгөх мэдэгдлийг удаа дараа илгээсэн ч тэрээр очиж мэдүүлэг өгөөгүй ба хариу үйлдэл үзүүлэхгүй үргэлжилсээр байвал түүнийг баривчлах болно гэдгийг прокурорууд анхааруулжээ. Юн Сок Ёлын хамт мөн Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хюн, Дотоод хэргийн сайд асан И Сан Мин, зэвсэгт хүчний удирдагч Пак Ан Су зэрэг хэд хэдэн албан тушаалтнууд давхар шалгагдаж байгаа билээ.
Өмнөд Солонгосын хууль тогтоогчид ерөнхий сайд Хан Док Су-г импичментээр огцруулах санал дэвшүүлэв
