Өмнөд Солонгос улс “хэт хөгширсөн” нийгэм болсныг тус улсын Дотоод хэргийн яамнаас энэ долоо хоногт гарган танилцуулсан шинэ статистик судалгааны дүн харуулаад байна.
Мягмар гарагт танилцуулсан статистик судалгааны дүнгээр тус улсын 5 хүн тутмын нэг нь 65 болон түүнээс дээш настай гэсэн үзүүлэлт гарсан нь Өмнөд Солонгос улсад хүн амзүй, насжилтийн хямрал гүнзгийрч байгааг илтгэн харууллаа. 65 болон түүнээс дээш настай 10.24 сая хүн байгаа нь БНСУ-ын нийт 51 сая хүн амын 20 хувийг эзэлж байна. НҮБ-аас улс орнуудын нийт хүн амынх нь 7-оос дээш хувь нь 65 болон түүнээс дээш настай бол “хөгширч буй нийгэм”, 14-өөс дээш хувь бол “хөгширсөн нийгэм”, 20-иос дээш хувьтай бол “хэт хөгширсөн нийгэм” хэмээн тодорхойлсон байдаг байна.
Дээрх судалгаагаар Өмнөд Солонгосын нийт эмэгтэйчүүдийн 22 хувь нь 65 болон түүнээс дээг настай байгаа бол эрэгтэйчүүдийн 18 хувь нь 65 болон түүнээс дээш настай гэж гарчээ. Хүн амын насжилт нэмэгдэж байгаа нь төрөлт буурсантай холбоотой бөгөөд төрөлтийн хэмжээ 2023 онд дэлхийн хамгийн доод үзүүлэлт буюу 0.23 хувьтай байсан юм. Энэ хэмжээ дунджаар 2.1 хувьтай байвал хүн амын өсөлт тогтвортой байдаг байна. Өмнөд Солонгос гэлтгүй, Япон, Хятад гээд Азийн томоохон эдийн засагтай улс орнуудад төрөлт буурч байгаа шалтгааныг судлаач мэргэжилтнүүд амьжиргааны өртөг нэмэгдэж, ажиллах орчин болон соёл өөрчлөгдөж, цалин нэмэгдэхээ больж, гэр бүл зохиох болон жендерийн тэгш эрхийн тал дээрх хандлага өөрчлөгдөж байгаатай холбон тайлбарлаж байна. БНСУ-ын хувьд төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 200 тэрбум гаруй ам.долларыг нярайн эцгийн цалинтай чөлөө, шинэ гэр бүлийн “хүүхдийн мөнгө”, эрэгтэйчүүдийг хүүхэд асрах, гэрийн ажилд оролцуулахад чиглэсэн нийгмийн кампанит ажлуудад зарцуулсан ч дорвитой үр дүн үзүүлээгүй бөгөөд төрөлт буурах хандлагыг эргүүлж чадаагүй байна.