“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэн бүрт олгож байгаа ноогдол ашгаа “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-д хандивлавал яасан юм бэ, монголчууд аа! Ингэж уриалах болсны учир ийм.
Станц 220 мянган цаг ажиллах нормтой
Дулааны III цахилгаан станцыг манай улс ОХУ-аас зээл авч, шинэчлэх гэж байна. 1968 онд анх ашиглалтад орсон энэ станцыг оросууд барьсан болохоор энэ удаад ч оросуудаар шинэчлүүлэх гэж байгаа ухааны юм Сангийн сайд ярьж явна.
Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн 14.3%, Улаанбаатар хотын дулааны 31.1%, технологийн уурын 46.9%-ийг хангадаг энэ онц чухал обьектоо шинэчлэх нь бидэнд юу юунаас чухал. Энэ станцын дунд даралтын станцын үндсэн тоноглол болон барилга, байгууламжийг ашиглах хугацаа дууссан. ДЦС-ын зуух, турбингенераторууд өндөр параметртэй орчин (439-560 хэмийн халуун, 39-138 кгс/см2)-д 220 мянган цаг ажиллах нормтой. Ойролцоогоор 30 жил ажиллаад, ашиглах хугацаа нь дуусдаг гэсэн үг.
III ДЦС-ын дунд даралтын зуухыг 1968-1975 онд барьж, 40 жил ашиглаж байгаа юм. 13 зуух, 9 турбингенератортой энэ станцын 9-р турбингенераторыг 2015 онд шинэчилжээ. Бусад нь хэзээ мөдгүй зогсоход бэлэн. Ажлаа мэддэг, “ааш”-ийг нь олдог ажилтнууд л яаж ийгээд ажиллуулсаар байгаа аж.
Шинэ станц барихад 4.2 жил шаардлагатай
Өвлийн оргил ачааллын үеэр дунд даралтын станц 20%-ийн нөөцтэй байх ёстой. Ямар нэг осол гарвал үүнийг ашиглана. Гэвч ийм нөөц үлдээлгүй, хүчин чадлыг нь тултал ажиллуулж байна. Энэхүү дунд даралтын станцын суурин дээр 250 МВт-ын хүчин чадалтай шинэ станц барихаар манай улс мөрөөдөөд удав.
Ийм шинэ станц барихад 4.2 жил шаардлагатай гэсэн тооцоог 2021 онд хийжээ. Одоо байгаа 48 МВт-ын дунд даралтын станцыг эхлээд буулгана. Уг станц 12 МВт-ын хүчин чадалтай 4 блокоос бүрддэг. Тэр үед уг станцыг орлох шинэ станц зайлшгүй хэрэгтэй. Цагт 48 МВт цахилгаан, 160 Гкал дулаан үйлдвэрлэж байсан станцыг ямар нэгэн эх үүсвэрээр орлуулахгүй бол Улаанбаатар хотын иргэдийн тал нь цахилгаан, дулаангүй болж, 100-аад үйлдвэр таг зогсоно. Тиймээс өндөр даралтын станцыг 75 МВт-аар өргөтгөхөөр анх төлөвлөсөн ч одоо 50 МВт болгож, багасгажээ.
III ДЦС-ын 150 МВт-ын хүчин чадалтай өндөр даралтын станцыг 1976-1980 онд барьсан ч үндсэн барилгыг нь өргөтгөх боломжтой юм байна. Үүнд 2 жил 7 сар зарцуулна. Ингэснээр 50 хүн нэмж ажилд аван, 5800 айлыг дулаанаар, 18.750 айлыг цахилгаанаар хангах боломж бүрдэх юм.
Үүний дараа дунд даралтын станцыг нурааж, 125 МВт-ын 2 блок бүхий станц шинийг барина. Үр дүнд нь тус станцын суурилагдсан хүчин чадал дулаанаар 2.5 дахин, цахилгаанаар 5 дахин нэмэгдэнэ. Энэ нь 15 мянга орчим айлыг дулаанаар, 62.500 айлыг цахилгаанаар хангана гэсэн үг ажээ.
4.8 тэрбум төгрөг хэрэгтэй
Дулааны III цахилгаан станцыг шинэчлэхээр ОХУ-ын Эрчим хүчний яамтай манай Эрчим хүчний яам 2018 оноос байнга харилцаж иржээ. Уг станцыг шинэчлэх ажлыг “Интер РАО-Экспорт” ХНК-иар гардан гүйцэтгүүлэхээр ОХУ сонгож, манай улсад сонголтгүйгээр тулгасан байна. Тус компанийн 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оноос эхлэн III ДЦС-д ирж, шаардлагатай мэдээллийг авч, судалгаа хийсэн байна.
“Дулааны III цахилгаан станц” ТӨХК уг нь энэ ажлын урьдчилсан ТЭЗҮ-ийг “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-аар хийлгэж, Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлд танилцуулан, батлуулжээ. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг ч хийлгэж, батлуулсан байна. Гэсэн ч “Интер РАО-Экспорт” ХНК өөрсдөө урьдчилсан ТЭЗҮ боловсруулан, 2022 оны 9 дүгээр сард Монголын талд хүлээлгэж өгсөн аж.
Түүндээ тус компани Дулааны III цахилгаан станцыг 1 тэрбум 322 сая еврогоор шинэчлэхээр тусгасан байна. Энэ бол 4.8 их наяд төгрөг. Ийн тус компани зах зээлийнхээс 2 дахин өндөр үнэ хэлсэн учир манай улс ОХУ-аас уг зээлийг авч чадахгүй, станцаа шинэчлүүлж чадахгүй хугацаа алдаж байгаа аж. Үнээ хямдруулахыг тус компаниас хүсэхэд, зураг төсөл эцсийн байдлаар бэлэн болсны дараа үнэ тодорхой болно гэсэн тайлбар хэлжээ.
Ийн манай улс 2022 оноос хойш 2 жил алдлаа. Энэ бол манай улсыг илт шахаанд оруулж байгаа хэрэг юм. Зөвхөн зураг, төсөл боловсруулах төлбөр нь 20-иод сая ам.доллар болох юм байна. Зураг, төслөө тус компаниар хийлгэх үү, үгүй юү гэдэг асуудлыг одоо УИХ хэлэлцэж байна. Хэрвээ хийлгэвэл тус компани 2027 онд бэлэн болгож, манай улсад хүлээлгэн өгөх төлөвтэй. Тэр үед л ДЦС-ыг шинэчлэхэд хэдэн төгрөг зарцуулах нь эцсийн байдлаар тодорхой болно.
Гэхдээ үнээ хасахгүй бол, харин ч нэмчихвэл яана. Тус компанийг зураг, төсөл гаргах гэсээр байтал манай улс наанадаж дахиад 2 жил алдана. Тэр хооронд III ДЦС-ын зуух, турбингенераторууд улам хуучирна. Магадгүй ноцтой осол гарахыг ч үгүй гэх газаргүй.
Оросуудын аманд багтаад буйн учир
ОХУ-аас манай улс жилийн 2%-ийн хүүтэй зээл авч, станцаа шинэчлэхээр төлөвлөсөн. Үүндээ л хоргодоод, оросуудын аманд багтаад байгаа ажээ. Тус компанийн боловсруулсан зураг, төсөл Монголын өмч боллоо ч дараагийн хөрөнгө оруулагч “Оросуудын технологиор, оросуудын зургаар энэ станцыг барихгүй” гэвэл тэр нь ямар ч хэрэггүй цаас болно. Гарзны бага дээр боливол яасан юм бэ дээ!
2022 онд 6.4, 2023 онд 1.1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн “Дулааны III цахилгаан станц” ТӨХК өнөө жил бүр 14.6 тэрбумын алдагдалд орох шинжтэй. Хурдан шинэчлэхгүй бол алдагдал улам нэмэгдсээр байх нь тодорхой.
Тиймээс л 1072 хувьцааныхаа ноогдол ашгийг энэ станцад хандивлая, шинэчлэхэд зориулъя гэж уриалж байгаа юм. Ноогдол ашгаараа бид лаа, хийн плитка, гааз авсны оронд станцаа аварсан нь дээр. Хурдан аврахгүй бол эсгий гутал, дах, дэгтий авах ч хэрэг гарч мэдэх нь. Лааны гэрэлд эсгий гуталтай бээрч суухаар гэрэлтэй дулаахан гэртээ ноогдол ашиггүй суусан нь дээр.
Ингэж болж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ “Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн ордуудын 34 хувь, түүнтэй дүйцүүлэх өгөөжийг иргэд … Хөгжлийн санд хандивлах зэрэг зохицуулалтууд нээгдэж байна” гэж дурдав. Бүгдээрээ 1072 хувьцааны ноогдол ашгаа Хөгжлийн санд хандивлая. “Олны олон 5 цэн”, “Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм” гэж ардын зүйр үг бий.
Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” компани жилд 1.2 их наяд төгрөг тарааж байна. 4 жил дараалан ноогдол ашгаа хандивлахад л Дулааны III цахилгаан станцаа шинэчлэх 4.8 их наяд төгрөг хуримтлагдана. Ашгаа хандивлахгүй иргэдээс хамаарч, энэ хугацаа хойшиллоо гэхэд 6 жил. Тэр үед станц ч ашиглалтад орно.
Зарим нь Засгийн Газарт зээлсэн ч болно байх. “Дулааны III цахилгаан станц” ТӨХК шинэ станцтай болсныхоо дараа ард иргэдэд мөнгийг нь эргүүлж өгнө биз. Хувьцаа гаргаад, зээлд нь таарсан хувьцаа өгсөн ч болно. Нэг компанийн хувьцааны ноогдол ашгаар нөгөө компанийн хувьцааг худалдаж аваа л биз. Тийм биз дээ?