Хуучин он улирч шинэ он хаяанд ирлээ. Хаа сайгүй баярын дуу хадаж, гацуур мод гангарчээ. Хоёрхон хоногийн дараа бид баярын ширээгээ бэлдэж, хүүхэд багачууд чихэр жимсэндээ умбаж, хөгшид түүх хуучилна. Баярын ширээний голд өнгө өнгөөр алагласан бялуу, чихэр, жимс, төрөл бүрийн хоол, шинэ содон зүйлс дүүрэн бий.
Ширээнийхээ ард тухлан суухдаа “Намайг төрөөгүй байх үед 1980, 1990 онд хүмүүс шинэ жилээ яаж тэмдэглэдэг байсан бол” гэж бодогдох үе цөөнгүй. Ойгоос мод тайрч ирээд, гацуур засдаг байсан гэх яриаг их сонссон доо. Үнэн болов уу? Тэгвэл одоо бидний өмнөх үеийн Шинэ жилийн баярын гацуур мод, баярын ширээ, хүүхдийн бэлэг ямар байсан талаарх түүхээр хамтдаа аялцгаая.
Хүмүүс түүх өгүүлрүүн;
Д.Дамбаа: 1943 оны хүн шүү дээ, ах нь. Миний үед шинэ жил тэмдэглэнэ гэж нээх сүр болох юм байдаггүй байсан. Одоогийнх шиг чихэр жимс, хамаг юм нь элбэг байгаагүй шүү дээ. 31-ний орой бүгдээрээ нэг гэртээ цуглаад, ихэнхдээ битүү хоол л хийж иддэг байсан. Хажуугаар нь нэг “бор юм” задлаад л шинэ оноо угтдаг байлаа даа. Харин гацуур мод бол байсан шүү. Дээр нь өлгөдөг чимэглэлийг гар доорх материалаар хийгээд л, янз бүрийн юмаар гоёулаад чимэглэдэг байсан. Сайхан ч үе байж дээ.
Л.Гомбодорж: Хуучнаа үдэж, шинийг угтдаг гэдэг утгаар Шинэ жилийн баярт их ач холбогдол өгдөг. Намайг хүүхэд байсан үе гэхээр 60, 70 он шүү дээ. Жонхуу зуурч, цаасаар уут наагаад, дээр нь усан будгаар ногоон гацуур, чимэглэлтэй нь зураад, дотор нь “Янзага” цайны жигнэмгээс эхлээд, янз бүрийн амттан хийж бэлэглэдэг байлаа. Тэр үедээ л хамгийн гоё нь байсан. Гацуур бол байсан санагдаад байна. Тийм ч тод санахгүй байна аа, ах нь. Тэгээд яг он солигдох орой олон төрлийн амттан аваад, ширээгээ засна шүү дээ. Шампанск буудуулна, бас. /инээв/
Э.Бүрнээбаяр : Намайг хүүхэд байхад, гацуур модны чимэглэлүүдийг Оросоос оруулж ирдэг байсан. Хамгийн гоё нь алим, мандарины үнэр. Авдарт хийсэн байхад л гаднаас нь үнэртдэг байлаа шүү дээ.
Н.Сайнжаргал: Эгч нь одоо 40 настай. 1990 онд хамаг л гоё юм байсан үе. Баярын бялуу, шампанск, салют, баярын бэлгүүд хүртэл төрөл бүрээрээ л байдаг байсан. Онц дүнтэй гарч, өвгөн ааваас бэлэг авбал ээж аав шинэ гацуур засаж өгдөг байлаа шүү дээ. Ихэнхдээ гялгар ууттай бэлэг өгдөг байсан даа.
2000 оноос хойш Монгол Улс харьцангуй хөгжиж, баяр ёслолоо өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Түүнийгээ дагаад гадаад, дотоодын олон улсаас төрөл бүрийн бараа оруулж ирдэг болсон нь Шинэ жилийн баярыг улам гоё тэмдэглэх шалтгаан гэж хэлж болох юм. 1970 оны баярын ширээ, гацуур, хүүхдийн бэлгийг өнөөдрийнхтэй харьцуулахад, тэс өөр дүр зураг харагдана.
Шинэ жилийн баяраар өнгө өнгийн гацуур мод засаж, ширээ дүүрэн хоол унд бэлдэх нь ирэх жилдээ элбэг хангалуун байхын бэлгэдэл гэдэг. Үүнээс гадна эргээд дурсах түүх үлддэг нь хамгийн жаргалтай.