АНУ-ын 39 дэх ерөнхийлөгч, Нобелийн шагналт Жимми Картер 100 насандаа таалал төгслөө


1977-1981 оны хооронд АНУ-ын төрийн тэргүүний албыг хашсан, Нобелийн энх тайвны шагналт Жимми Картер ням гарагт 100 насандаа таалал төгссөн талаар түүний нэрэмжит Картерын Төвөөс мэдэгдсэн байна. Уг мэдэгдэлд Ж.Картерыг Жоржиа мужийн Плэйнс хот дахь гэртээ, гэр бүлийн гишүүдийнхээ хүрээлэл дунд амгалан нойрссон гэжээ.

Өмнө нь самрын тариалан эрхлэгч байсан Ж.Картер Жоржиа мужийн захирагчаар ажиллаж байхдаа 1976 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, ялалт байгуулж байсан бөгөөд тэрээр Уотергейтын дуулиант хэрэг явдал болон Вьетнамын дайнд ялагдсан Америкийн нэр хүндийг өргөнө гэсэн амлалтыг өгч байжээ. Ж.Картер олон улсын газрын тосны зах зээл савласан, дотоодын нийгэмд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл нэмэгдэж, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн, Хүйтэн дайны ид оргил үед АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдож байсан юм. Тэрээр Цагаан ордонд албан бус, энгийн хэв маягийг авчирсан ерөнхийлөгч гэгддэг ба тэдний гэр бүл анх нүүж ирэхдээ өөрсдийнхөө хуучин чемодантай ирж, Эми охиноо энгийн ерөнхий боловсролын сургуульд явуулж, өөрөө ихэвчлэн ноосон цамц өмсдөг байсан байна.

Гэхдээ тэрээр эдийн засгийн салбарт огцом өөрчлөлт, шинэчлэлтийг хийж, АНУ-ыг газрын тосны импортоос хараат байдлыг бууруулж, агаарын тээвэр, төмөр зам, ачааны автомашины салбарт түлш эрчим хүчний реформыг хийж, Эрчим хүчний болон Боловсролын департамент буюу яамуудыг байгуулж, төрийн албанд хамгийн олон тооны эмэгтэйчүүд болон өнгөт арьстнуудыг томилж, Аляска мужийн олон сая га талбай бүхий газрыг дархан цаазат газар болгон хамгаалалтанд авч, Вьетнамын дайны үед цэрэг татлагаас зайлсхийж зугтаасан олон эрчүүдэд ерөнхийлөгчийн өршөөл үзүүлж байсан ажээ. Түүнчлэн 1978 онд Египет болон Израилын хоорондох энхийн яриа хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй. Гэвч түүний засаглалын үед инфляц хоёр оронтой тоонд хүрч, мөн Иранд америкийн иргэдийг 444 өдөр барьцаалсан гэх зэрэг нэр хүндийг нь унагаж, дараагийн сонгуульд ялагдал хүлээхэд хүргэсэн үйл явдлууд болж байсан билээ. Гэвч тэрээр бууж өгөлгүй, өөрийн хийж бүтээхийг зорьсон зүйлүүдээ үргэлжлүүлэх үүднээс эхнэр Розалины хамтаар 1982 онд Картерын Төвийг байгуулж, 40 жилийн хугацаанд дэлхий даяар аялж, энх тайван, хүний эрх, ардчилал, нийтийн эрүүл мэндийг сурталчлах ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг.

Олон улсын зөрчил мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийн төлөө олон арван жилийн турш зогсолтгүй хөдөлмөрлөсөн түүний үйл хэрэг, нөр их хөдөлмөрийг үнэлж 2002 онд Нобелийн энх тайвны шагналыг олгож байсан юм. Ж.Картерын Умард болон Өмнөд Солонгосын хоорондох цөмийн хурцадмал байдлыг намжааж, АНУ-ын Хайти-д халдан довтлох явдлаас сэргийлж, Босни болон Суданд гал зогсоох яриа хэлэлцээг явуулсныг ийнхүү өндрөөр үнэлж түүнд дээрх шагналыг гардуулж байжээ. 2022 оны байдлаар Картерын Төв байгууллага дэлхийн хэмжээнд 113 сонгуульд ажиглагчаар оролцсон гэсэн тоон үзүүлэлт гарч байсан байна. Саяхан 100 насны босгыг давж байсан АНУ-ын 39 дэх ерөнхийлөгч Жимми Картерыг таалал төгссөний дараагаар дэлхийн өнцөг булан бүрээс эмгэнэл илэрхийлж эхлээд байна. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден эмгэнэлдээ “дэлхий ертөнц гайхамшигтай удирдагч, төрийн албан хаагч, хүмүүнлэгийн төлөө тэмцэгч эрхмийг алдсан бол би хүндэт нөхрөө алдлаа” гээд, түүнийг энх тайван, иргэний нийгэм, чөлөөт хийгээд шударга сонгууль, хүний эрхийн төлөө чин сэтгэлээсээ тэмцэгч байсныг хэлж, Ж.Картерт зориулж нийслэл Вашингтон хотноо төрийн оршуулгын ёслолыг явуулах тушаал гаргана гэдгээ мэдэгджээ.

Цагаан ордон мөн гашуудал зарлаж, АНУ-ын туг далбааг буулгасан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *