Америкийн хэвлэлүүд удахгүй буух гэж байгаа ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа Украинд 1.25 тэрбум ам.долларын өртөг бүхий нэмэлт зэвсгийн тусламжийг үзүүлэхээр болсон талаар мэдээлж байна.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби энэ сарын 27-ны өдөр хэвлэлд мэдээлэхдээ, Ж.Байдены засаг захиргаа ойрын өдрүүдэд багтаан Украинд цэргийн шинэ ээлжийн нэмэлт тусламжийг олгоно гэсэн юм. Тэрээр Цагаан ордны 2024 оны сүүлийн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ Ж.Байденыг удахгүй Украинд үзүүлэх агаарын довтолгооноос хамгаалах системийг багтаасан нэмэлт зэвсгийн тусламжийн багцыг баталж, Украины дулааны болон эрчим хүчний үйлдвэрлэлийн дэд бүтцэд Оросын дайралтыг эсэргүүцэхэд нь туслах болно гэжээ.
Харин дээрх шинэ зэвсгийн тусламжийн багцад юу багтаж байгаа талаар Америкийн хэвлэлүүд 27-ны өдөр нэрээ нууцалсан албаны хүний ярианаас иш татан мэдээлснээр, 1 тэрбум 250 сая ам.долларын өртөг бүхий тусламжийн багцад Үндэсний дэвшилтэт агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем, HAWK агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем, Stinger загварын агаарын довтолгооноос хамгаалах пуужин, 155 мм болон 105 мм калибрын их бууны сум зэрэг багтжээ.
Д.Трампыг ерөнхийлөгчийн тангараг өргөж, албандаа орохоос өмнө амжиж Украинд үзүүлэхээр болоод байгаа энэхүү шинэ тусламжийн багцын талаар Ж.Байдены засаг захиргаа 30-ны өдөр албан ёсоор зарлах төлөвтэй байгаа Америкийн талаар хэвлэлүүд мэдээлээд байна.
Эргэн сануулахад Ж.Байден засаг захиргаа Украин улсад 60 тэрбум гаруй ам.долларын зэвсгийн тусламжийг үзүүлээд байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Пентагоны USAI хөтөлбөрийн хүрээнд Америкийн зэвсгийн компаниудтай байгуулсан гэрээний дагуу Украинд зэвсэг нийлүүлсэн байна.