“Pitch Perfect”, “Bridesmaids”, “The Hustle” зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ олонд танигдсан, Австрали гаралтай Холливудын жүжигчин, комедиан Ребел Уилсон Сидней хотноо Рамон Агруматай хууль ёсны дагуу гэрлэлтээ батлуулснаа өөрийн нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдээлжээ.
Хосууд өнгөрсөн 9 дүгээр сард Сардиниа аралд хуримын ёслол зохион байгуулсан боловч энэ удаад Ребел Уилсоны эгчийг байлцуулан албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн ажээ. Жүжигчин Ребел Уилсон 2023 онд Диснейлэндэд Рамона Агрумад гэрлэх санал тавьж байсан бөгөөд Рамона Агрума нь хувцас болон үнэт эдлэл, гоёл чимэглэлийн загвар зохион бүтээгч юм байна.
Өдгөө 44 настай Ребел Уилсон сошиал хуудсандаа бичсэн нийтлэлдээ “төрөлх Сидней хотдоо гэрлэлтээ батлуулсан нь “зөв зүйл” мэт санагдсан, 94 настай эмээгээ урьж оролцуулсан нь миний хувьд хамгийн онцгой байсан” гэсэн бол түүний эхнэр Рамона Агрума хамтдаа авахуулсан гэрлэлтийн зургуудаа нийтэлж, “Австрали гүнжтэйгээ Австралид албан ёсоор гэрлэлээ” хэмээн бичжээ.
Ребел Уилсонтой хамт “Pitch Perfect” кинонд тоглосон жүжигчин Адам Девайн, Элизабет Бэнкс болон бусад олон алдартнууд хосуудад баяр хүргэсэн мэндчилгээг сошиал хуудсуудаараа дамжуулан нийтэлжээ.
Ребел Уилсон тээгч эх ашиглан 2022 онд анхны хүүхдээ өлгийдөн авч байсан байсан бөгөөд мөн энэ оны эхээр өөрийнхөө бэлгийн чиг хандлага, жин, үр тогтоох зэрэг хувийн олон сэдвийн талаар хөндсөн “Rebel Rising” хэмээх намтар номоо АНУ-д худалдаанд гаргаж, багагүй шуугиан тарьж байсан билээ. Тэрээр намтар бүтээлдээ 35 насандаа анх бэлгийн харьцаанд орсон талаараа дэлгэн бичсэн юм.