Энэ сарын 25-ны өдөр Казахстан улсын Актау хотын ойролцоо осолдсон Азербайжаны иргэний агаарын тээврийн онгоцны осолд буруутайгаа хүлээхийг Азербайжан улс ОХУ-аас шаардсан байна. Тодруулбал, Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев 38 хүний амийг бүрэлгэсэн онгоцны осолд буруутайгаа хүлээхийг ОХУ-аас шаардаж, анхандаа онгоцны осолд оролцоотой гэдгээ нуух гэж оролдсон хэмээн Москваг буруутгажээ.
Өнгөрсөн бямба гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Оросын агаарын орон зайд орж ирсэн онгоцыг буудаж унагасан явдалд Азербайжаны Төрийн тэргүүнээс уучлалт хүссэн хэдий ч хариуцлага хүлээх талаар мэдэгдэл хийгээгүй юм. Азербайжаны Ерөнхийлөгч Оросын Төрийн тэргүүний уучлалтыг хүлээж авсан ч “ОХУ буруугаа хүлээж, нөхөн төлбөрөө төлөх ёстой” хэмээн мэдэгдэлдээ дурьдсан байна. Тэрээр “Анх Оросын тал шувуун сүрэгтэй мөргөлдсөн гэх “хүүхэд хуурч байгаа мэт жудаггүй” таамаглалуудыг дэвшүүлж, улмаар онгоцыг буудан унагасан явдлыг дарж, баллахыг оролдсон” хэмээн хэлсэн байна.
“Azerbaijan Airlines”-ийн Баку-Грозный чиглэлийн J2-8243 нислэгийн онгоцонд хөлгийн багийг оролцуулаад нийт 67 хүн зорчиж явснаас 38 хүн амь үрэгдсэн. Уг онгоц руу галласан байж магадгүй шалтгааны улмаас чиглэлээ өөрчилж, Казахстаны Актау хотын ойролцоо газардах үедээ осолдсон юм. Онгоцны ихэнх зорчигч Азербайжаны иргэн байснаас гадна мөн Орос, Казахстан, Киргизстаны иргэд ч байжээ.
Дээр дурдсанчлан Азербайжаны онгоцыг Чеченьд газардахын өмнөхөн Оросын агаарын хамгаалах систем ажиллаж, тус онгоц руу галлаж эхэлсэн гэж үзэж байгаа ба ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин агаарын хамгаалах систем тус онгоцыг Украины дронтой андуурсан “харамсалтай хэрэг явдал” гарсанд уучлалт хүсэж, хохирогчдын ар гэрт гүнээ эмгэнэл илэрхийлж байгаагаа хэлсэн юм. Гэхдээ Кремлийн зүгээс онгоцыг Оросын пуужинд оногдож, сүйрсэн утгатай нэг ч мэдэгдэл хийгээгүй байна.
Өөрсдийнхөө амийг үл хайхран, онгоцыг хамгийн аюулгүй байдлаар газардуулж, 29 хүний амь насыг аварсан онгоцны багийн гишүүд болох ахмад Игорь Кшнякин, туслах нисгэгч Алезандер Калаянинов, онгоцны үйлчлэгч Хокума Алиева нарт Азербайжан улс ням гарагт хүндэтгэл үзүүүлсэн байна.