ДЭМБ Хятад улсаас ковидын мэдээллээ хуваалцахыг шаардав


ДЭМБ БНХАУ-аас ковидын цар тахлын гарал үүсэл, анхдагч эх сурвалжийн талаарх баримт мэдээллээ хуваалцахыг даваа гарагт шаардсан байна. ДЭМБ-ын зүгээс Хятадын Ухань хотоос анх тархан дэгдсэн Covid-19 вирусийн цар тахал эхэлсний яг таван жилийн ойтой зэрэгцүүлэн тус улсад дээрх шаардлагыг тавьжээ.“Улс орнууд ил тод байдлыг эрхэмлэж, мэдээллээ хоорондоо хуваалцаж, хамтран ажиллахгүй бол дэлхий ертөнцөө ирээдүйн халдварт өвчин, цар тахлаас урьдчилан сэргийлж, хамгаалж, үүнд бэлэн байх боломжгүй болно” гэдгийг ДЭМБ-аас гаргасан мэдэгдэлд дурьдсан байна. Ихэнх судлаач, эрдэмтэд ковидын вирусыг амьтнаас хүнд байгалийн замаар халдварласан гэж үздэг ч зарим эрдэмтэд Ухань хотын лабораториос алдагдсан байх магадлалтай хэмээн сэжиглэдэг байна.Харин өнгөрсөн хугацаанд ковидын вирусыг лабораториос алдагдсан гэх онол, таамаглалыг хүчтэй эсэргүүцсээр ирсэн Хятад улс ДЭМБ-ын даваа гарагийн мэдэгдэлд ямар нэгэн хариу өгөөгүй байна. 2019 оны 12 сараас Ухань хотод дэгдэж эхэлсэн ковидын халдвар удалгүй олон улсад тархаж, улмаар ДЭМБ-аас дэлхий нийтийг хамарсан цар тахал хэмээн зарлаж, хөл хорио тогтоож эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны 5 сард тус байгууллагаас ковидын цар тахал өндөрлөснийг зарлаж байсан билээ.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейсус хэлэхдээ, ковидын цар тахал өнгөрсөн хугацаанд 7 сая хүний амь насыг авч одсон гэсэн албан ёсны тоо байдаг ч бодит тоо хэмжээ нь 20 саяд дөхөж очсон гэдгийг онцолжээ. Мөн тэрээр дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг амь, бие хайрлалгүй тэмцэж ажилласан эрүүл мэндийн салбарын ажилтнуудад ахин талархал илэрхийлж, ковидын цар тахал хүн төрөлхтөнд эрүүл ирээдүйг бүтээхэд олон зүйл зааж сургасныг хэлж, дараагийн цар тахал “хэзээ ч дэгдэж болзошгүй” учраас дэлхий нийтийг үргэлж бэлтгэлтэй байх ёстойг захиж анхааруулаад байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *