ОХУ, Украин улсууд дайны хоригдол солилцов


ОХУ болон Украин улсууд Арабын Нэгдсэн Эмират Улсын зуучилсан гэрээний дагуу зуу гаруй дайны хоригдлыг солилцсон байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр хоёр талаас яг ижил тооны буюу 150 хоригдол солилцсон гэж мэдээлжээ.

Харин Украины ерөнхийлөгч В.Зеленский Оросын талд олзлогдон хоригдож байсан Украины 189 иргэн эх орондоо эргэж ирсэн тухай хэлсэн байна. Украины суллагдсан иргэдийн дотор Азовсталь, Мариуполь хотууд, Чернобылийн атомын цахилгаан станц болон Могойн арлыг хамгаалагчид багтсан гэдгийг нэмж хэлсэн байна.

Украины иргэдийг тус улсын хойд хилийн ойролцоох байршилд хүлээн авсан бол Оросын иргэдийг Беларусь улсад хүлээн авч, эмнэлэгт хэвтүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

Ийнхүү хоёр тал дайн эхэлснээс хойш 59 дэх удаагаа дайны хоригдол солилцож байгаа нь энэ бөгөөд шинэ жилийн баярын өмнөхөн болсон энэхүү солилцоо дайнаас хойшхи хамгийн олон хоригдол солилцсон үйл явдал байлаа.

Сүүлийн саруудад буюу Оросын зэвсэгт хүчин дайны талбарт илүү ахиц дэвшил гаргаж эхэлсэн үеэс эхлээд хоригдол солилцох асуудлаарх яриа хэлэлцээг явуулахад маш хүнд хэцүү болсон талаар Киевийн албаны эх сурвалжууд BBC агентлагт мэдээлсэн байна. Хэдийгээр Украин улсын зүгээс ОХУ-д хоригдож байгаа дайны хоригдлуудын нийт тоо хэмжээг зарлан нийтлээгүй ч нийт 8000 орчим хоригдол байгаа гэсэн баримжаа байдаг байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *