2025 оноос иргэдэд олгох, иргэдээс авах нэмэгдлүүд


Төрийн албан хаагчдын цалин 6%-иар нэмэгдэнэ

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлнэ” гэж заасан. Тус зорилтын хүрээнд төрийн албан хаагчдын үндсэн цалинг инфляцтай уялдуулан, 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс 6%-иар нэмэхээр Засгийн Газар 2024.12.25-нд шийдвэрлэсэн. Үүний дагуу төрийн тусгай, төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ 1 сая 166 мянган төгрөг болно. Харин суманд ажилладаг бол 1.632.400 төгрөг, аймгийн төв болон Багахангай, Багануур, Налайх дүүрэгт ажилладаг бол 1.399.200 төгрөгийн цалин авна. Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалингийн доод хэмжээ 954 мянган төгрөг болно. Хэрвээ суманд ажилладаг бол 1.335.600 төгрөг, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажилладаг бол 1.144.800 төгрөгийн цалин авах нь.

Энэ нэмэгдэл төрийн 226.200 албан хаагчид хамаатай юм. 

Монгол Улс 1911 онд Чин гүрний эрхшээлээс гарч, тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, 7 яам байгуулсан юм. Уг яамдад ажилладаг түшмэдэд Сангийн яам цалин олгох болжээ. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсийг лан, цэн, пун зэргээр тогтоосон байдаг. Богд хаан, Эх дагина хоёр тус бүр жилд 36 мянган лан мөнгө, Ерөнхий сайд Т.Намнансүрэн 5000 лан, Халх, Дөрвөдийн 5 хан тус бүр 2500 лан мөнгө, яамны сайд нар тус бүр 205 лан, дэд сайд 14 хүн тус бүр 162 лан 5 цэн, яамдын эрхэлсэн түшмэл 130 лан, дэс түшмэд 105 лан, эх зохиогч түшмэд 62 лан 5 цэн, жинхэнэ бичээч 80 лан, чин ван 2000 лан, жун ван 1200 лан, бэйс 800 лан, бэйл 500 лан, улсын түшээ гүн 300 лан, улсад туслагч гүнд 200 лан, засаг тэргүүн зэрэг тайж 100 лан мөнгөний цалин улсын сангаас олгож байжээ. Нэг хонь 2 лантай тэнцэж байв. 30 лангийн цалинтай зарлага 15 хонь, 40 лангийн цалинтай түшмэл 20 хонь жилд авдаг гэсэн үг. Сараар тооцвол зарлагын цалин 1 том хонь болох нь.

Зэвсэгт хүчин, хилийн цэргийнхэн 10-25%-ийн нэмэгдэл авна

“Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг Засгийн Газар 2024.08.30-нд шинэчлэн баталсан юм. Уг журмын дагуу доорх албан хаагчдыг онцгой нөхцөлийн нэмэгдлийг 2025.01.01-ний өдрөөс нэмнэ. Энэ нэмэгдлийг үндсэн цалингийн хувиар тооцож, сар бүр олгох юм.

  • Зэвсэгт хүчин, хилийн цэргийн офицер, ахлагч 10%,
  • Дотоодын цэргийн офицер, ахлагч 15-25%,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагч 10-25%

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянга болно

2025 оны 4  дүгээр  сарын 1-нээс эхлэн, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 4715 төгрөг буюу сард 792 мянган төгрөг болно. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо 2024 оны 10 дугаар сарын 7-нд 3 дугаар тогтоол гаргаж, Монгол Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ийн нэмэхээр тогтсон юм.

Монгол Улс анх 1997 онд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль баталж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулиар тогтоосон юм. 1997 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 11.900 төгрөг байв. Харин одоо 660 мянган төгрөг байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, инфляцын түвшинтэй уялдуулан өөрчлөхөөр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 4.2-т заасан байдаг. Энэ хуульд 3.1-т “Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагч /цаашид “ажилтан” гэх/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ” гэж заажээ. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын тодорхойлсноор “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бол цалин хөлсний хуваарилалтын хамгийн доод хэсэгт байгаа ажилчдыг хамгаалах зорилгоор тогтоосон, цалингийн бүтцийн суурь давхаргын хамгийн бага хэмжээ юм.

1894 онд анх Шинэ Зеланд улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулиар тогтоожээ. Тухайн үед Шинэ Зеландад хятад ажилчид бөөнөөрөө орж ирэн, маш бага хөлсөөр хөдөлмөр эрхэлж, тус улсын иргэдийн ажлыг булаах болсон байна. Ажил олгогчид дотоодын иргэдээ халж, хятадуудыг бага цалингаар авч ажиллуулж эхэлснээр тус улсын иргэд ажилгүй, орлогогүй болжээ. Энэ нь маш олон асуудал дагуулсан тул Шинэ Зеландын Засгийн Газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг ойлголт бий болгож, хуульчилсан байна. Үүний дараа 1896 онд Австрали, 1909 онд Англи, 1938 онд АНУ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуульчилжээ.

Манай улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2026 онд 1 сая төгрөгт хүргэх, цалинг бүтээмжтэй уялдуулан нэмэх тогтолцоонд шилжихээр төлөвлөж байна.  

Хэмжээ нь 6% нэмэгдэх тэтгэврийн үүсэл

УИХ 2023 онд Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн баталсан. Эдгээр хуульд тэтгэврийг жил бүр инфляцаар индексжүүлэх, малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс гаргах, тэтгэвэр тогтооход баримтлах итгэлцүүрийг жил бүр шинэчлэхээр заасан юм. Үүний дагуу 2025.01.01-нээс тэтгэвэр авагч 510 мянган ахмадын тэтгэврийг инфляцтай уялдуулан, 6%-иар нэмнэ.

Ингэснээр тэтгэврийн дундаж хэмжээ 875.800 төгрөг болж нэмэгдэнэ. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээ 689 мянган төгрөг болно. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 572.400 төгрөгөөр шинэчлэн тогтоосон юм. Тэтгэвэр нэмэхэд 297.4 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд тусгасан.

2025 оноос манай улсын нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өснө. 2022 онд 10 даатгуулагчид 3 ахмад ноогдож байсан бол 2030 он гэхэд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 10 хүн тутамд 7 ахмад ноогдох юм.

Бүх нийтийн тэтгэврийг анх Герман улс 1889 онд бий болгожээ. Үүнийг Дани улс 1891 онд, Шинэ Зеланд 1898 онд,  Их Британи 1908 онд, Франц 1910 онд нэвтрүүлсэн байна. Монгол Улс 1958 онд анх Тэтгэврийн хууль баталж, бүх нийтийн тэтгэврийн тогтолцоо нэвтрүүлжээ.

Мөнгө нь 2 дахин нэмэгдэх “Эхийн алдар” одонгийн түүх  

“Эхийн алдар” одонтой эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг 2025 онд 2 дахин нэмэхээр Засгийн Газар 2024.06.06-нд тогтоол гаргасан. Одоо “Эхийн алдар I”  одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байгаа. Үүнийг  400 мянган төгрөг болгов. “Эхийн алдар II”  одонтой эхэд өнөө жил олгосон 100 мянган төгрөгийг ирэх жил 200 мянга болгож нэмлээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээллээр манай улсад 2024 оны 5 дугаар сарын байдлаар 300 мянган ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонтой байв.

“Алдарт эх” одонг анх Герман улс бий болгожээ. “Герман ээжийн хүндэтгэлийн загалмай” (Ehrenkreuz der deutschen Mutter) Дэлхийн II дайны төгсгөлд Зөвлөлт Холбоот Улс дуурайн, “Баатар эх”  (Мать героиня) одонг бий болгосон гэж үздэг. Үүний дараа уг одонгийн нэрийг “Эхийн алдар” (Материнская слава)

болгон өөрчилж, 1, 2, 3 гэсэн зэрэглэл тогтоон, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг шагнадаг болжээ.

Үүнийг монголчууд шууд хуулбарлан, 1957.04.03-нд Ардын Бага Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар “Алдарт эх” одон анх бий болгож, 1958 оноос олон хүүхэдтэй эхчүүдэд олгож эхэлжээ.

Дулааны үнийг 2 дахин нэмнэ

Эрчим хүчний зохицуулах хороо 2025.05.16-ны өдрөөс эхлэн, дулааны үнийг нэмэхээр 2024.11.01-нд “Тариф батлах тухай” 639 дүгээр тогтоол гаргалаа. Тус хороо цахилгааны дундаж тариф 1 кВт/ц нь 216 төгрөг байсныг 2024.11.15-ны өдрөөс 280 төгрөг болгож 29.6 хувиар нэмэв. Энэ удаад зөвхөн цахилгааны үнийг нэмж, дулааныхыг хойш нь тавьсан юм. Цахилгаан, дулааны үнийг зэрэг нэмэх нь хэрэглэгчдэд санхүүгийн ачаалал үүсгэнэ гэж үзээд, Засгийн Газар ийм зохицуулалт хийжээ.

2025.05.16-наас мөрдөх дулааны үнэ

АнгилалХэмжих нэгжТариф 
  
1Орон сууцны халаалт (оюутны байр, подвал, “O”-ын өрөөний халаалт хамаарна)төг/м21,012.00 
төг/ГЖ12,170.00 
2Ахуйн хэрэгцээний халуун ус халаасан дулаанХүний тоогоорХалаалтын улиралдтөг/хүн3,740.00 
Халаалтын бус улиралдтөг/хүн5,612.00 
Усны зарцуулалтаартөг/м33,850.00 
Хэмжүүрээртөг/ГЖ12,170.00 
3Дулааны үйлчилгээний тариф40 м2 хүртэл талбайтай айл өрхтөг/сар6,600.00 
41 м2-аас 80 м2 хүртэл талбайтай айл өрхтөг/сар11,000.00 
81 м2-аас дээш талбайтай айл өрхтөг/сар22,000.00 

Дулааны тариф одоо 1 Гкал/ц нь 33.862 төгрөг бана. Үүнийг  85.9 %-иар нэмж, 62.960 төгрөг болгоно. 

Албан байгууллагуудыг 4 дүгээр сарын 30, айл өрхүүдийг 5 дугаар сарын 15 хүртэл дулаанаар хангадаг. Тиймээс дараа жилийн намар дулаанаар хангаж эхлэхдээ нэмэгдсэн үнээр тооцно. Айлууд 9 дүгээр сарын 15-наас, албан газрууд 10 дугаар сарын 1-нээс 85.9 %-иар нэмэгдсэн үнээр дулааны төлбөрөө төлөх юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *