2024 оны 12 дугаар сарын гуравдугаар арав хоногт манай орны гол, нуурууд хэр зузаан мөстэй болсон бол?
Хойд мөсөн далайн ай савын гол, мөрөн
Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 30-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Харин ус судлалын Эг гол Хатгал тосгон орчимд мөсөн зах ажиглагдсан хэвээр байна. Дээрх голуудын мөсний зузааныг 2024 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-20 см нимгэн харин Үүр голын хувьд 5-15 см ахиу зузаантай байна. Хөвсгөл нуур Ханх сум, Хатгал тосгон орчимд 15-25 см зузаан мөсөн бүрхүүл үүссэн ба энэ нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 15-35 см нимгэн байна.
Хангай нурууны арын Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн арав хоногоос 5-40 см зузаарч, 15-75 см зузаан мөсөн бүрхүүлтэй болжээ. Идэр голын нийт уртын дагууд болон Хойттамир, Урдтамир голд харз гүйх үзэгдэл зонхилон ажиглагдаж байна. Хангайн арын дээрх голуудын мөсний зузааныг олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5-65 см бага байна. Тэрхийн цагаан, Өгий нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 20 см нэмэгдэж, 60-80 см зузаантай болсон нь 2024 оны мөн үеэс 5-20 см нимгэн олон жилийн дунджаас 10 см орчим ахиу зузаантай байна.
Хэнтийн нурууны баруун хажуугаас эхтэй жижиг голууд болох Сэлбэ, Улиастай, Шарын гол ёроолдсон бол дунд болон томоохон голууд болох Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сөгнөгөр зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нэмэгдэж, 40-85 см зузаан мөстэй болсон ба энэ нь өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-40 см бага харин ус судлалын Хараа-Баруунхараа, Сэлбэ-Санзай, Туул-Босгын гүүр, Сөгнөгөр-Сөгнөгөр харуул орчимд 5-35 см ахиу зузаантай байлаа.
Сэлэнгэ мөрөн, Орхон голын нийт уртын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдэж, 25-80 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэхүү мөсний зузааныг 2024 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 10-35 см нимгэн харин Сэлэнгэ мөрөн Хутаг сум Хялгант баг орчимд өмнөх оны мөн үеийнхээс 40 см орчим зузаан мөстэй байна.
Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Онон, Балж, Хэрлэн , Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд мөсний зузаан 12 дугаар сарын адаг арав хоногт 5-15 нэмэгдэж, 45-75 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч энэ нь 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-45 см бага байна. Харин Буйр, Дуут, Хөх нуурт 55-115 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон нь мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-40 см нэмэгджээ.
Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтайн нуруунаас эхтэй Турган, Харбут, Чигэртэй, Үенч, Согоог, Буянт зэрэг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн бол Ховд, Буянт, Булган, Сагсай, Бодонч, Согоог, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-45 см нэмэгдэж, 20-65 см зузаан мөстэй болсон байна. Алтайн уулсаас эхтэй дээрх голуудын мөсний зузааныг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундаж зузаантай харьцуулбал 5-40 см нимгэн харин Үенч, Төгрөг голын хувьд 5-10 см ахиу байна. Хар ус нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10 см нэмэгдэж, 50 см зузаан мөстэй болжээ.
Хангайн нурууны өврөөс усжих ихэнх гол ёроолдож хөлдсөн бол Чигэстэй, Богд, Буянт, Хожуул, Шарга, Түй, Байдраг зэрэг голын мөсний зузаан өмнөх хугацаанаас 5-25 см нэмэгджээ. Хангайн өврийн голуудын мөсний зузаан 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-20 см нимгэн байна. Хар нуур, Ойгон, Орог, Хөх нуур, Бөөнцагаан нуурын мөсний зузаан өнгөрсөн арав хоногт 5-20 см нэмэгдэж, 20-90 см зузаан мөстэй болсон нь олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 5-35 см бага байна.
Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Хариг, Хангилцаг, Намир, Түргэн, Тэс зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-20 см нэмэгдэж, 25-75 см зузаан мөстэй болсон ба энэ нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-35 см бага харин Түргэн, Тэс, Намир, Хангилцаг голын хувьд 5-10 см ахиу зузаантай байна. Увс нуурын мөсний зузаан 5 см нэмэгдэж, 35 см орчим зузаантай болжээ.
Арванхоёрдугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж, байгаа хэдий ч мөсний зузаан 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-65 см бага, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
УЦУОСМХ-ийн Гадаргын усны судалгааны хэлтэс