Монтенегро улсад гарсан халдлагын улмаас үндэсний хэмжээнд гашуудал зарлав


Монтенегро улсад шинэ оны эхний өдөр галт зэвсгийн халдлага гарч, халдлагын улмаас 10 хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан тус улсад үндэсний хэмжээнд 3 хоногийн гашуудал зарлаад байна.

Уг халдлага лхагва гаригт тус улсын өмнөд хэсгийн Цетине хотын нэгэн ресторанд гарч, тухайн ресторанд цугларсан зочдын дунд хэрүүл маргаан дэгдсэний улмаас нэгэн эрэгтэй галт зэвсэг гарган ирж, цугларсан олон руу гал нээжээ.

Халдлагыг үйлдсэн 45 настай Александар Мартинович гэгч нь өөрийн гэр бүлийн гишүүд, рестораны эзэн болон түүний хүүхдүүд гээд олон хүнийг буудан хөнөөснийхөө дараагаар хэргийн газраас зугтааж, цагдаа нарт бүслэгдсэн байхдаа өөрийгөө буудан хороосон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Халдлагын улмаас нийт 10 хүн нас барсны 2 нь бага насны хүүхэд байсан талаар тус улсын Дотоод хэргийн сайд Данило Саранович мэдээлсэн байна.

Халдлагын үеэр буудуулж шархадсан гурван эрэгтэй, нэг эмэгтэйг нийслэл Подгорица хотын эмнэлэгт яаралтай хүргэж, хагалгаанд оруулсан байна.

Монтенегро улсын засгийн газраас пүрэв гаригаас эхлэн гурав хоногийн хугацаанд үндэсний хэмжээнд гашуудал зарлаж байгааг тус улсын ерөнхий сайд Миложко Спажич мэдэгджээ.

Балканы хойгийн Монтенегро улсад галт зэвсгээр үйлдэгдсэн, олон хохирогчтой хэрэг харьцангуй бага гардаг ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *