2025 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн ОХУ-аас Украины газар нутгаар дамжуулан ЕХ-ны улс орнууд руу нийлүүлдэг байгалийн хийн урсгал зогслоо.
Украины зүгээс ОХУ-ын Газпром компанитай байгуулсан байгалийн хийг дамжин өнгөрүүлэх гэрээгээ сунган үргэлжлүүлэхээс татгалзсан бөгөөд энэхүү өдрийг түүхэн өдөр хэмээн нэрлэсэн байна.
Оросын Европт нийлүүлдэг байгалийн хийн экспортын орлого Украины эсрэг дайныг санхүүжүүлэхэд ашиглагдаж байгаа гэдэг үүднээс Украины тал гэрээг сунгахаас татгалзсан юм.
Гэвч Украины дээрх шийдвэр нь хөрш зэргэлдээх Молдов улсын хувьд хүндээр тусч, тус улсад эрчим хүчний хямрал нүүрлэхэд хүргэж байна.
Оросын талыг баримтлагч, салан тусгаарлах үзэл бүхий Транснистрийн бүс нутагт шинэ оны эхний өдөр зөвхөн эмнэлгүүд болон гол чухал дэд бүтцүүдэд л дулаан өгч, орон сууцнуудын халуун ус болон халаалт тасарсан байдалтай байлаа.
Цахилгааны хувьд одоохондоо хэвийн байгаа ч Транснистрийн бүсийн эрчим хүчний гол эх үүсвэр болох Курчуганы цахилгаан станцыг аль хэдийн нүүрсээр галлаад эхэлсэн бөгөөд 50 өдрийн нүүрсний нөөцтэй байгаа талаар эрх баригчдын зүгээс мэдэгджээ. Өөрөөр хэлбэл ус цахилгаан станцаас нийт эрчим хүчний хэрэглээний 80 хувиа авдаг Молдов улсын бусад хэсэгт давхар асуудал үүсэж эхлээд байгаа гэсэн үг юм.
Харин Молдовын нийслэл Кишинёв дах засгийн газрын зүгээс ирэх хавар хүртэл хангалттай халаах хийн нөөц байгаа бөгөөд удахгүй Европоос эрчим хүчээ импортлодог болох шилжилт хийнэ хэмээн мэдэгдээд байгаа ч энэ нь цахилгааныг нэлээд өндөр үнээр авч, улмаар цахилгааны үнэ нэмэгдэхийн цондон болж байгаа юм.
Он гараад нөхцөл байдал ийм болно гэдгийг мэдэж байсан учраас өнгөрсөн сард тус улсад онц байдал зарлаж байгааг мэдэгдэн, аж ахуй нэгж, байгууллагууд, иргэд оршин суугчдад цахилгааны хэрэглээгээ хэмнэн багасгаж, цахилгааны хязгаарлалтууд хийгдэж эхлэхийг анхааруулсан байна.
Молдов улсын хувьд улс төрийн тэнцвэргүй байдал, эдийн засгийн хүчин чадал сул учраас эрчим хүчний хямрал удаан хугацаанд үргэлжилбэл улс орны оршин тогтнохуйн асуудал яригдаж эхлэх бөгөөд энэ нь Оросын талд л ашигтай байх болно гэдгийг ажиглагчид хэлж байна.
Молдовын төрийн тэргүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон Майя Санду ЕХ-нд гишүүнээр элсэх зорилго зорилтын төлөө ажиллаж байгаа боловч яриа хэлэлцээ үргэлжлэх хугацаа урт, гишүүнээр элсэн ороход хангах ёстой хууль эрхзүйн шаардлагууд, ЕХ-ны бүх улс орнууд дэмжих эсэх гээд олон асуудал байгаа тул Молдов улсын нөхцөл байдал нэлээд бүрхэг харагдаж байгааг мөн ажиглагчид, хэвлэлүүд онцолж байна.