Чэжү Эйр компанийн осолдсон онгоцны хар хайрцгаас дата мэдээллийг гарган авчээ


Өнгөрсөн ням гарагт Өмнөд Солонгосын Муан хотын олон улсын нисэх онгоцны буудалд осолдсон Чэжү Эйр компанийн онгоцны хар хайрцгаас дата мэдээллийг гарган авах ажил дууссан талаар тус улсын Зам тээврийн яамны зүгээс мэдэгдлээ.

Тодруулбал, онгоцны нисгэгчийн бүхээгийн яриа, дуу хоолойг бичигч хар хайрцгаас дата мэдээллийг амжилттай гарган авч, одоо аудио файл болгон хувиргах ажил хийгдэхээр болоод байгаа бол нислэгийн дата мэдээллийг бүртгэгч хоёр дах хар хайрцгийг шинжилгээнд оруулахаар АНУ руу илгээхээр болжээ.

Ослыг шалгаж байгаа мөрдөгчид дээрх хоёр хар хайрцагт бичигдсэн мэдээллүүд ослын шалтгааныг олж тогтооход чухал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг онцолж байгаа юм. Түүнчлэн хар хайрцгийг АНУ-д шинжилгээнд оруулах үйл явцад Өмнөд Солонгосын экспертүүд оролцох бөгөөд одоогийн байдлаар хар хайрцгийг илгээх товын асуудлаар АНУ-ын Үндэсний зам тээврийн аюулгүй байдлын зөвлөлтэй хэлэлцээ хийж байгаагаа мэдэгсэн байна. Тус зөвлөлийн зүгээс ч мөн Өмнөд Солонгосын Муан хотын олон улсын нисэх онгоцны буудалд хэргийн газрын үзлэг шалгалт хийлгэхээр өөрсдийн багийг илгээгээд байгаа ажээ.

Бангкок-Муан чиглэлийн нислэг үйлдэж байсан Boeing 737-800 загварын онгоцны ослын улмаас 179 хүн амь үрэгдэж, хоёр хүн амьд гарсан. Өмнөд Солонгос улсын газар нутагт болсон, хамгийн олон хүн амь үрэгдсэн онгоцны осол хэмээн нэрлэгдэж байгаа энэхүү онгоцны ослын шалтгааныг шувуу мөргөсөн болон цаг агаарын нөхцөл байдлаас үүдэлтэй гэсэн таамаглалуудад үндэслэн шалгаж байгаагаас гадна газардах талбайн төгсгөл дэх бетонон ханыг ч мөн давхар шалгаж байгаа юм.

7C2216 нислэгт Өмнөд Солонгосын иргэдээс гадна Тайландын 2 иргэн зорчиж явсан бөгөөд насны хувьд 3-78 насны хооронд, дийлэнх нь 40-60 настай иргэд байсан талаар Ёнхап агентлаг мэдээлсэн бол хохирогчдын цогцсыг хурууны хээ, ДНХ-ийн мэдээллийн дагуу таниулж дууссан тухай лхагва гаригт БНСУ-ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок мэдэгдсэн байна.

Онгоцны осолтой холбогдуулан Өмнөд Солонгос улсын хэмжээнд 7 хоногийн хугацаатай гашуудал зарлаж, шинэ жилийн баярын арга хэмжээнүүдийг цуцласан ба Чэжү Эйр компанийн гүйцэтгэх захирал Ким И Бэй мягмаг гаригт зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэрээ тус компани хохирогчдын ар гэрт олгох нөхөн төлбөрийн асуудлыг яаралтай шийдвэрлэж, мөн оршуулгын зардлыг компаниас төлөх болно гэдгийг мэдэгджээ. Мөн тэрээр онгоц хөөрөхөөс өмнөх шалгалтыг журмын дагуу явуулахад ямар нэгэн асуудал илрээгүй гэдгийг хэлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *