Шинэ оны эхний өдөр АНУ-д террорист халдлага гарч, 15 хүн амь үрэгдэв


2025 оны 1-р сарын 1-ний өдөр АНУ-ын Луизиана мужийн Нью Орлеанс хотод пикап загварын машинаар олон хүн дайрсан террорист халдлага гарч, халдлагын улмаас наад зах нь 15 хүн амь үрэгдээд байна. Мөн 35 хүн шархадсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Нью Орлеанс хотын франц дүүргийн хэсэгт шинэ жилийн баяр тэмдэглэхээр цугларсан олныг автомашинаар дайрсан сэжигтэн этгээдийг АНУ-ын иргэн, 42 настай Техас мужийн оршин суугч Шамсуд-Дин Жаббар гэгч эрэгтэй болохыг тогтоосон байна. Сэжигтэн халдлагын үеэр цагдаа нарт буудуулан үхсэн байна.

Холбооны мөрдөх товчооны зүгээс мэдэгдсэнээр сэжигтний машин дотроос Исламын Улс бүлэглэлийн туг далбаа олдсон бөгөөд уг халдлагыг террорист халдлага гэж үзэж, мөрдөн шалгаж байгаа ажээ. Сэжигтэн халдлага үйлдэхээсээ хэдхэн цагийн өмнө өөрийгөө Исламын Улс бүлэглэлээс урам зориг авдаг, “хүн хөнөөх хүсэлтэй” гэх зэргээр ярьсан бичлэгүүдийг нийгмийн сүлжээнд нийтэлсэн байсныг мөрдөгчид олж тогтоон, ерөнхийлөгч Ж.Байденд товч мэдээлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден Нью Орлеанс хотноо гарсан уг халдлагыг “жигшмээр” хэмээн тодорхойлоод, хохирогчдын гэр бүл, төрөл саданд гүн эмгэнэл илэрхийлжээ.

Энэхүү халдлагаас хэдхэн цагийн дараагаар мөн Лас Вегас хот дахь Трамп зочид буудлын гадна зогсч байсан Tesla Cybertruck загварын автомашин дэлбэрч, тухайн машины жолооч амиа алдаж, 7 хүн шархдсан хэрэг явдал болсон бөгөөд Ж.Байдены хэлснээр эдгээр хэргүүд хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой эсэхийг мөрдөгчид шалгаж байгаа гэжээ. Түүнчлэн мөрдөгчид Нью Орлеансын халдлагыг үйлдсэн этгээд хэн нэгнээс тусламж, дэмжлэг авсан эсэх, ялангуяа түүний пикап загварын автомашинаас олдсон тэсрэх бөмбөгийг хийхэд бусдаас дэмжлэг туслалцаа авсан эсэхийг шалгаж байгаа талаараа мэдээлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *