“Squid Game” цувралын хоёрдугаар бүлэг Netflix-ийн дээд амжилтыг тогтоожээ


Өмнөд Солонгосын “Squid Game” телевизийн цувралын хоёрдугаар бүлэг цацагдсанаасаа хойш 4 хоногийн дотор 68 сая үзэлт авч, Netflix платформын шинэ дээд амжилтыг тогтоосон байна.

Цувралын хоёрдугаар бүлэг Netflix-ийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй телевизийн цувралын нээлт гэсэн амжилтыг шинэчлэн тогтоогоод байгаа бөгөөд үүнээс өмнөх амжилтыг 2022 онд нээгдэж байсан “Wednesday” цуврал нээлтийн долоо хоногтоо 50.1 сая үзэлт авч, тогтоож байжээ.

Түүнчлэн “Squid Game”-ийн хоёрдугаар бүлэг Netflix-ийн гадаад хэл дээрх (англиас өөр хэл дээрх) хамгийн алдартай телевизийн цувралуудын жагсаалтын 7 дугаар байрт ердөө хэдхэн өдрийн дотор бичигдээд байна. Уг жагсаалтыг “Squid Game”-ийн нэгдүгээр бүлэг тэргүүлдэг бөгөөд анх цацагдсанаасаа хойш 91 өдрийн дотор 265.2 сая үзэлт авч байсан ажээ.

Цувралын хоёрдугаар бүлэг гарахтай зэрэгцээд мөн нэгдүгээр бүлгийг дахин болон шинээр үзэх үзэгчдийн тоо ч нэмэгдээд байгаа юм. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-29 өдрүүдэд “Squid Game” цувралын эхний бүлэг 8.1 сая үзэлт авсан бөгөөд тухайн долоо хоногийн Netflix-ийн гадаад хэл дээрх хамгийн их үзэлттэй телевизийн цувралын жагсаалтад орж ирэн, 3-рт бичигдсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *