Италийн санхүү болон хувцас загварын салбарын төв болох Милан хотод гадна орчинд, мөн олон нийтийн газруудад тамхи татах явдлыг хоригложээ. Уг хоригийг хотын агаарын бохирдлыг бууруулж, агаарын чанарыг сайжруулж, нийтийн эрүүл мэндийг дам тамхидалтаас хамгаалах зорилгоор 2021 оноос хойш хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд авч хэрэгжүүлээд байна.
Гудамж талбай, олон нийтийн газруудад ил задгай тамхи татахыг хориглосон журам шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд журмыг зөрчсөн тохиолдолд 40-240 еврогийн торгууль төлөх юм байна.
Лхагва гарагаас хэрэгжиж эхэлсэн энэхүү журам нь Итали улсад тамхины эсрэг авч хэрэгжүүлж байгаа хамгийн хатуу журам гэгдэж байгаа юм. Өмнө нь тус хотод 2021 онд тогтоосон журмын дагуу дотор газар буюу олон нийт цугларсан битүү, дотор орчинд, түүнчлэн цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, автобусны буудал, спортын байгууламжуудад тамхи татахыг хориглоод байсан бол энэ удаад гадаа, гудамж талбайд тамхи татахыг тэр чигт нь хориглоод байгаа бөгөөд олны хөлөөс зайдуу газарт бусад хүмүүсээс хамгийн багадаа 10 метрийн цаана тамхи татахыг зөвшөөрч байгаа ажээ.
“Энэхүү журам хотын иргэн бүрийн эрүүл мэнд, сайн сайхан амьдралд ашиг тусаа өгөх журам юм” хэмээн Милан хотын хүрээлэн буй орчин, экологийн зөвлөх Елена Гранди журамтай холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ онцолжээ.
Харин энэхүү хоригт vape буюу цахилгаан тамхи багтаагүй байна.
Тамхины эсрэг хатуу хориг арга хэмжээ аваад байгаа Милан хот нь Европын хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг бөгөөд шалтгаан нь автомашины утаа болон замын түгжрэл болдог байна. 2026 оны өвлийн Олимпын наадам Италийн Милан болон Кортина хотуудад зохион байгуулагдах тул ийнхүү Милан хот агаарын бохирдлыг бууруулах чиглэлд холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа нь энэ юм.