Шинэ оны эхний өдөр АНУ-ын Луизиана мужийн Нью Орлеан хотод Ford F-150 загварын түрээсийн пикапавтомашинаар олныг дайрсан халдлага үйлдсэн этгээдийг ямар нэгэн хамтрагчгүй, ганцаараа үйлдсэн гэж үзэж байгаа талаараа Холбооны мөрдөх товчооноос мэдэгдлээ.
АНУ-ын иргэн, 42 настай Шамсуд-Дин Жаббарыэ үйлдсэн халдлагын улмаас 14 хүн амь үрэгдсэн бөгөөд тэрээр машинаасаа галт зэвсэгтэй бууж ирж гал нээснийхээ дараагаар цагдаа нарт буудуулж, хэргийн газарт амиа алдсан юм.
Ийнхүү өмнө нь нэлээд олон хүн хамтран үйлдсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байсан уг хэргийг мөрдөн шалгах явцад Шамсуд-Дин Жаббар ганцаараа үйлдсэн болж таарчээ. ХМТ-ноос мэдэгдсэнээр сэжигтэн өнгөрсөн оны хаврын сүүлээр Исламын Улс бүлэглэлд гишүүнээр элсэн орсон байжээ. Түүний машинаас Исламын Улс бүлэглэлийн туг далбаа олдсон талаар ХМТ мэдээлсэн бол цагдаагийн байгууллагаас хэргийн газрын ойр орчмоос гар хийцийн хоёр тэсрэх бөмбөг олдсон тухай мөн мэдээлсэн билээ.
Хяналтын камеруудад сэжигтний Нью Орлеан хотын хүн ихтэй Бурбон гудамжин дахь агааржуулагч дотор тэсрэх бөмбөгөө байрлуулан тавьж байгаа нь бичигдсэн байна. Цуглуулсан бүхий л баримт нотолгоонд үндэслэн сэжигтэнг уг халдлагыг ганцаараа төлөвлөн, үйлдсэн гэж үзэж байгаа талаараа ийнхүү ХМТ-ны зүгээс мэдэгджээ. Гэхдээ мөрдөн шалгах ажил дуусаагүй, улс орон даяар үргэлжилж байгааг нэмж хэлсэн байна.
Шамсуд-Дин Жаббар нь Техас мужид төрж өссөн, АНУ-ын армид алба хааж, 2009 оны 2-р сараас 2010 оны 1-р сар хүртэл Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 2015-2017 оны хооронд Жоржиа мужийн их сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж төгсөөд үл хөдлөхийн салбарт ажиллаж байсан хүн юм байна. Түүнийг мөн аудитын Deloitte болон Ernst & Young компаниудад ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа юм.
Цагаан ордны зүгээс ерөнхийлөгч Ж.Байденыг Нью Орлеан хотын даргатай холбогдож, түүнд эмгэнэл үзүүлж, холбооны түвшинд бүрэн тусламж үзүүлэх санал тавьсныг мэдээлжээ.