1979 онд манай улсын хүн амын 48.5% нь хөдөлмөрийн насных байсан бол 2009 онд 66.5% болов. Энэ бол Монгол Улсын хүн амын цонх хамгийн том нээгдсэн алтан үе байлаа. Хүн амын доторх ажил хийх боломжтой, хөдөлмөрийн насныхан хамгийн олуулаа болох ийм үеийг өндөр хөгжилтэй улсууд алдаагүй байдаг. Цонх хамгийн сайн нээгдсэн үед цэвэр агаар оруулбал хөгжил амархан болдог ажээ. Харин бид энэ үеийг ашиглаж чадсангүй. 2023 оны эцэст манай хүн амын 57% нь хөдөлмөрийн насныхан болж, ажил хийх чадвартай хүн амын тоо уруудаж эхэллээ. Энэ бол хүн амын цонх хаагдаж байгаагийн дохио. Уг нь 16 жилийн өмнө “2025 онд хүн амын 61%-ийг хөдөлмөрийн насныхан эзэлнэ” гэж тооцжээ. Гэвч одоо 61% биш, 57% байна. Монголын хүн ам тооцсоноос хурдан цөөрч байна. Энэ нь ашигтай юу, алдагдалтай юу?
Сайн уу, муу юу?
Сайн талаас нь харъя. 1 хүүхэд өсөх явцдаа жил бүр агаарт 58.6 тонн хүлэмжийн хий ялгаруулдаг. Тэгвэл Дэлхийн хүн ам 1 хүүхдээр цөөрвөл жил бүр ийм хэмжээний хүлэмжийн хий ялгарахаас сэргийлнэ. Үүнийг мэдсэн Английн хунтайж Харри, гүнж Меган нар 2-оос олон хүүхэд төрүүлэхгүй гэж зарласан. Тэгэхээр хүүхэд төрүүлэхгүй байх нь хүлэмжийн хийг багасгахад тус болох нь.
Дэлхийн хуурай газрын 38% буюу 5 тэрбум га талбайг хүн төрөлхтөн хагалж, ямар нэг тариалан эрхэлж байна. Ийм их газрын ургамлыг бид сүйтгэж, амьтдыг нь агнаж устгажээ. Монголчууд үүнээс 1.2 сая га талбайг нь хагалж, буудай, ногоо, тэжээл тарьж байна. Одоо Дэлхийн сээр нуруутан амьтны 32%-ийг бүрдүүлж буй хүн төрөлхтний тоо цөөрвөл тариалангийн талбайн хэмжээ багасаж, тэнд байгалийн ургамал урган, амьтан амьдрах болно. Хүн цөөрөх нь байгальд ашигтай байх нь.
Тэгвэл муу талаас нь харъя. Дэлхий дээр амьдарч буй 4000 гаруй угсаатны 1 нь монгол. Энэ олон угсаатны 310 нь л 1 саяас дээш хүнтэй. Түүний 1 нь монгол. 1.45 тэрбум энэтхэг, 1.42 тэрбум хятад, 345 сая америк, 146 сая оростой харьцуулбал 3.5 сая монгол дэндүү цөөн. Хэдэн зуу, тэрбум хүнтэй улсуудыг дааж байгаа Дэлхий бидний цөөхөн монголчуудыг даахгүй биш дээ.
Саяхан л хүнийхээ тоогоор цэнхэр гарагт толгой цохиж явсан Хятадын хүн ам буурч, Энэтхэгийн дараа орлоо. Түүн шиг олон хүнгүй атлаа Монголын хүн ам хятадуудтай зэрэгцэн цөөрч байна. Энэтхэгийн хүн ам цөөрөхгүй байхад шүү. Цөөрлөө цөөрлөө гэхэд 2100 онд хятадууд 600 саяулаа болно гэж НҮБ тооцжээ. Тэр үед Монголын хүн ердөө 4.4 саяд хүрэхийг Дэлхийн эдийн засгийн форум тооцжээ.
Иргэдээ дүрвэгч болгосон улс
УИХ 2001 онд Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль баталж, иргэдээ албан ёсоор гадаад руу хөдөлмөрийн дүрвэгч болохыг зөвшөөрсөн юм. Эхэндээ 15 аж ахуйн нэгж Япон, БНСУ, Чех, Унгар, Тайвань руу тусгай зөвшөөрлийн дагуу иргэдийг ажилд зуучилж байсан бол удалгүй Засгийн Газар өөрөө иргэдээ хөдөлмөрийн дүрвэгч болгон, гадаад руу илгээдэг болсон. Иргэдээ ажилтай, орлоготой болгохын оронд харийн оронд ажилд зуучилж өгөөд, гадаад руу дүрвүүлчихсэн.
Үндэсний статистикийн хороо 2023 онд НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний байгууллагатай хамтран, “Монгол диаспорагийн өнөөгийн нөхцөл байдал” судалгаа хийжээ. 2020 оны байдлаар Монгол Улсын 113.798 иргэн БНСУ, АНУ, Япон, Казахстан, Чех, Австрали, Хятад, Герман, Швед, Франц, Орос, Турк, Австри, Швейцар, Их Британид амьдарч, ажиллаж байв. Тэдний 1865-ынх нь мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд 67% нь мэргэжилтэн байлаа. Эрэгтэйчүүдийнх нь 64%, эмэгтэйчүүдийнх нь 69% нь мэргэжилтэн. Энэ бол Монгол Улс мэргэжилтнүүдээ харьд алдсаныг нотлох баримт. Харин одоо эргүүлээд гадаадаас ажиллах хүч оруулж ирэх гээд хоорондоо маргалдаж сууна. Оруулж ирэх ажилчдыг дагалдуулан, монголчуудаа сургах шаардлагыг зарим гишүүн тавив. Уг нь тэгэх л ёстой. Гэвч бид огт тэгж байгаагүй. Тиймээс одоо хүртэл монголчууд эх орондоо хүртэл ажлын байран дээр гологдсон хэвээр байна.
Монголд машины бүхээг засдаг вьетнамуудыг дагалдуулан монголчуудаа сургасан бол өдийд манайхан энэ салбарт өөрсдөө ажиллаж, нэлээд их валютыг Вьтнам руу алдахгүй, эх орондоо авч үлдэх байлаа. 2020 онд 104 вьетнам манай улсад хөдөлмөрийн гэрээгээр машин засаж байсан бол 2021 онд 234, 2022 онд 308, 2023 онд 453 болж, нэмэгджээ. 5 жилийн өмнө 1.1 сая машинтай байсан монголчууд одоо 1.2 сая тээврийн хэрэгсэлтэй болов. Үүнийг дагаад зам, тээврийн осол нэмэгдэж, вьетнам засварын орлого ч өслөө. Гэвч тэднээс бид юу ч сурч, авч үлдэж чадсангүй. Үүнд Засгийн Газар ч, авто засварын газрын эзэн ч буруутай.
Монгол Улсад хүн амын цонх үе 2004 онд эхэлж, одоо дуусах тийшээ хандаж байна. Энэ үеийг ашиглахаар 2013 онд Засгийн Газар 154 дүгээр тогтоол гаргаж, “Ажилтай, орлоготой монгол хүн” үндэсний хөтөлбөр баталсан. Гэвч дараа дараагийн Засгийн Газар ажил хийснийг нь татвар, төлбөрөөр дарамталж, зүгээр суусныг нь халамжаар тэтгэсэн учир ажилгүй, орлогогүй, амаа ангайсан угжныхан олшров. 2010 онд “Зөгийн үүр” хөтөлбөр хэрэгжүүлэн, гадаадад ажиллаж байсан монголчуудаа эх орондоо буцаж ирэхийг урьсан. Олон залуус эргэж ирсэн ч төрийн хүнд суртлаас төдхөн залхаад, буцаад явчихсан билээ.
МАН, АН хоорондоо толхилцож, нэгнийхээ санаачилснийг нөгөөх нь үгүйсгэсээр хүн амын цонхыг ашиглаж чадсангүй. Одоо монголчуудын төрөлт эргээд буурч байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр:
- 2019 он 77.601 эх амаржиж 80.251 хүүхэд
- 2020 он 75.694 эх амаржиж 77.946 хүүхэд
- 2021 он 71.166 эх амаржиж 73.866 хүүхэд
- 2022 он 65.090 эх амаржиж 67.874 хүүхэд
- 2023 он 63.915 эх амаржиж 64.306 хүүхэд
- 2024 оны 1-11 сар 43.116 эх амаржиж 43.428 хүүхэд
Хүүхэдгүйн татвараас айхгүй, “Эхийн алдар”-ыг тоохгүй
Нэгэнт буурсан төрөлтийг эргүүлээд өсгөсөн улс одоогоор Дэлхийд алга. Румын улсын дарангуйлагч Чаушеску шиг л юм хийхгүй бол шүү дээ. Хүн амаа хүчээр өсгөвөл юу болдгийг 1966 онд хийсэн түүний тэнэглэл одоо хүртэл улс орнуудын удирдагчдад сануулдаг. Түүний санаачилсан хүүхэдгүйн 20%-ийн татвартай харьцуулбал “Эхийн алдар” одон бол хамаагүй ухаантай арга. “Герман ээжийн хүндэтгэлийн загалмай”-г Дэлхийн II дайны төгсгөлд Зөвлөлт Холбоот Улс дуурайн, “Баатар эх” одон бий болгож, дараа нь “Эхийн алдар” болгон нэрийг нь өөрчлөөд, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг шагнадаг болжээ. Үүнийг монголчууд шууд хуулбарлан, 1957.04.03-нд Ардын Бага Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар “Алдарт эх” одон анх бий болгож, 1958 оноос олон хүүхэдтэй эхчүүдэд олгож эхэлсэн байна. Энэ нь тухайн үедээ дажгүй арга байв.
Харин одоо эхчүүдийн энгэрт “Эхийн алдар” одон зүүж өгөн, жилд ганц дуаа 100 мянган төгрөгөөр урамшуулаад, тэтгэвэрт гарахад нь 1 хүүхдийг 1.5 жил ажилласанд тооцоод ч эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхгүй байна. Итали, Япон гэх мэт олон улсын хүн амын цонх хаагдсан. Европыг хөгшин гэдэг байсан бол энэ тодотгол тун удахгүй Азид ч хамаатай болж, Еврази бүхэлдээ хөгшрөх нь. Удахгүй Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэгийн цонх хаагдана.
2022 оноос Хятадын хүн ам цөөрч эхэлсэн. 2021 онд 1000 хятад хүний 7 нь хүүхэд төрүүлсэн бол 2022 онд 6 нь хүүхэд гаргажээ. Хятад улс 1979 онд баталсан “1 гэр бүл 1 хүүхэд” бодлогоо 2016 онд цуцалсан ч үр дүн гараагүй. Тиймээс Ши Жиньпин хүн амаа өсгөхийг 2022 оноос тэргүүний зорилт болгов. Оюутнуудад хайрын хичээл зааж, эртхэн гэрлэхийг ятган, гэрлэсэн хосыг хурдан хүүхэдтэй болохыг сэнхрүүлж, 2 дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд мөнгөн урамшуулал олгож байна. Гэвч хүссэн үр дүн алга. Харин манай улс “Эхийн алдар” одонгийн урамшууллыг 200, 400 мянга болгохоос хэтэрсэнгүй.
Улаанбаатарт хүүхэд төрүүлэхгүй
1990 онд 1 монгол айл 4 хүүхэдтэй байсан бол 2023 онд 2 хүүхэдтэй болжээ. Гэр бүлийн хос өөрсдөө унаад өгвөл Монгол Улсын хүн амын тоог нөхөж үлдэх 2 хүүхэд төрүүлж байна гэсэн үг. Ингэвэл хүн ам өсөхгүй ч багасахгүй. Монголын үрсийг маш олон болгоход хувь нэмрээ оруулж чадахгүй ч цөөн болгоход нэрмээс болохгүй байхыг залуус хичээж байна.
Үүнд нөлөөлж байгаа хамгийн эхний хүчин зүйл бол амьдралын баталгаа. Өмнө нь залууст гэр барьж, хэдэн мал тасалж өгөөд, тусад нь гаргачихдаг байлаа. Одоо бол наанадаж хашаа байшинтай, цаанадаж байртай болохоос наана хүүхэд төрүүлэхээ байв. Дараагийн бэрхшээл нь хүн амын хэт төвлөрөл. Улаанбаатарт цугласан олныг буцаан хөдөө тийш нүүлгэхээс нааш хүн амын төрөлт нэмэгдэхгүй. Улаанбаатарын оршин суугч хүүхдээ 2 нас хүрэхэд нь цэцэрлэгт оруулах баталгаа байхгүй. Дараа нь чанартай сургуульд хүүхдээ өгөх хэрэгцээ бий. Бага ангийн хүүхдээ ганцааранг нь гэртээ үлдээх, сургууль руу нь явуулах аргагүй. Хэт олон хүнтэй, машин ихтэй энэ хотод хүүхдийг 1 том хүн заавал дагуулж явах шаардлагатай. Явж явж энэ үүрэг ээжид ноогдоно. Ажлаасаа гарч, хүүхдийнхээ манаач болно. Найзгүй, хамт олонгүй, мөнгөгүй гэрийн буг болно. Хүүхэд төрүүлсний шийтгэл гэмээр.
Улаанбаатарын хүүхдүүдийн олонх нь харшилтай, хордлоготой. Хотын өвчин гэдэг нэр томьёо хүртэл олон нийтийн дунд бий болчихсон. Хэвлийд байхаасаа л Улаанбаатарын угаарт хордож, тоосонд даруулан уушги муутай болсон тэд төрсөн цагаасаа эмнэлэгт данстай болж байна. Ийм байхад хэн ч хүүхэд төрүүлэхгүй л дээ.