Умард Солонгос улс даваа гарагт Зүүн тэнгисийн зүг дундын зайн тусгалт баллистик пуужинг харван туршсан талаар Өмнөд Солонгос болон Япон улсын албаны эх сурвалжууд мэдээллээ.
Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний нэгдсэн штабаас мэдэгдсэнээр Умард Солонгосын Пёньян орчмын бүсээс орон нутгийн цагаар даваа гарагийн 12 цагийн орчимд дундын тусгалт баллистик пуужин харвасан талаар мэдээлээд байна. Үүнтэй холбогдуулан БНСУ, АНУ болон Японы талууд бэлэн байдалд орж, ажиглалт хяналт болон хариу цохилт үзүүлэх бэлтгэлээ хангаад байгаа талаар давхар мэдэгджээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкены Сөүлд хийж байгаа айлчлалтай давхцуулан ийнхүү Умард Солонгосын талаас баллистик пуужин харван туршаад байна.
Умард Солонгос улс хамгийн сүүлд 2024 оны 11-р сарын 5-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль эхлэхийн өмнөхөн мөн хэд хэдэн удаа богино зайн тусгалтай баллистик пуужингуудыг харван туршсан юм.
БНАСАУ-ын зүгээс он гарснаас хойш анх удаа баллистик пуужин харваж байгаа нь энэ бөгөөд Японы эргийн хамгаалалтын албанаас мөн 2025 онд анх удаа Япон тэнгис рүү баллистик пуужин харваад байгааг онцоллоо. Өнөөдөр харвасан пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэсэн боловч яг хаана унасныг тодорхой дурдаагүй байна.
БНАСАУ-ын эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын 2024 оны эцсийн баярын хурлын арга хэмжээний үеэр тус улс АНУ-ын эсрэг сөрөн зогсох хамгийн хатуу чанга бодлого стратегийг баримтлахаа зарлан тунхаглаж, БНСУ, АНУ, Япон улсуудын хоорондох батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь “түрэмгийлийн төлөөх цэрэг зэвсгийн нэгдэл” болон өргөжсөн хэмээн буруутгасан билээ.