Волейбол дээд лиг: Хагас шигшээд өрсөлдөх багууд тодорхой боллоо


    Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд энэ өдрүүдэд үргэлжилж байна. Лиг өндөрлөх дөхсөнөөр хагас шигшээ шатанд өрсөлдөх багуудын нэрс тодорхой боллоо.

Эмэгтэй багуудаас “Улаанбаатар Финикс”, “Ховд Ижил Алтай Торгууд” “Уурхайчин”, “Хөвсгөл Эрчим” гэсэн 4 баг хагас шигшээд тоглох нь тодорхой болж, медалийн төлөө өрсөлдөхөөр болов.

Гуравдугаар тойргийн сүүлийн тоглолтуудаас аль баг хэдээр гарч, ямар багтай таарах нь шийдэгдэнэ. Түрүүлж хоёр хожсон баг аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болох юм. Өчигдөр “Улаанбаатар финикс” болон “Уурхайчин” багууд хоорондоо учраа тоглосон. Энэ тоглолтын үр дүнд “Уурхайчин” 3:2 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авч, чухал хожил байгуулав.

Тэгвэл эрэгтэй багуудаас “SG Hawks” “Хасумегастарс”, “Төв Миг” болон “Натур Бакс” багууд хагас шигшээд өрсөлдөнө. “Hawks” “Хасумегастарс” багууд бие биедээ нэг хожигдож, харин бусад 5 багт нэг ч хожигдоогүй.

Өчигдөр “SG Hawks” Алтайн барсыг 3:0 харьцаагаар хожиж 16 дахь хожлоо авсан. Ингэснээр тэд нийт 47 оноотой болж байна. Харин Хасумегастарс 15 хожил, 44 оноотой буй. Тус баг маргааш “Төв Миг”-тэй тоглоно. Хэрэв энэ тоглолтод Хасу хожвол 16 хожил, 47 оноотой болно. Ингээд гуравдугаар тойргийн сүүлийн тоглолтод хоёр баг хоорондоо учраа таарч, тоглолтын үр дүнгээс шалтгаалан хэн нь нэгдүгээр байраар финалд гарахаа шийднэ. Хагас шигшээ тоглолтууд 1-дүгээр сарын 11-ний өдрөөс эхэлнэ.

Эргэн сануулахад өнгөрсөн жил эмэгтэй багуудаас “Хөвсгөл Эрчим” түрүүлж аваргын цом хүртсэн бол, “Хилчин” мөнгөн медаль, “Тэнүүн огоо” хүрэл медалийн эзэд болсон. Ийн финалд шалгарсан багуудаас ганцхан “Хөвсгөл Эрчим” энэ жилийн лигийн хагас шигшээ шатанд өрсөлдөхөөр шалгараад байна.

Харин эрэгтэй багуудаас “Натур Мед Толун” баг алтан медаль, аваргын цом хүртэж, “Шанх Транс” мөнгө, “Хасумегастарс” хүрэл медалийн эзэд болсон.

Тэгвэл энэ жил ямар багууд аваргын төлөө өрсөлдөх вэ? Шинэ өнгө төрхтэй “SG Hawks” лигийн аварга болох уу? Лигийн алт, мөнгө, хүрэл медальт “Хасумегастарс” аваргын цомоо эргүүлэн авах уу? Аль эсвэл шинээр байгуулагдан анх удаа лигт өрсөлдөж буй “Төв Миг” аварга болох уу, хуучин аваргууд болох “Натур Баксынхан” дахин аварга болж цомоо хамгаалах уу? Эдгээр асуултуудын хариулт тун удахгүй тодорхой болно.

Плэйофф-д шалгарсан багууд аваргын алтан медалийн төлөө 5 удаа тоглоно. Түрүүлж гурав хожсон баг цомоо гардах бол хүрэл медалийн төлөө 3 тоглолт болж, хоёр ялсан баг медалийн болзол хангах юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *