Төгрөгтэй харьцах ам.долларын ханш өдөр өдрөөр чангарч байна. Бид голлох валютын ханш юуны улмаас өсч буй талаар сурвалжлахаар “Найман шарга” валют арилжааны төвийг зорилоо.
Биднийг тус төвийн гадна очиход арилжаачид “Доллар авна шүү”, “Солино шүү”, “Доллар 3440 төгрөгөөр авна” хэмээн угтацгаав. Гартаа боодол доллар, йен барьсан тэдгээр арилжаачдаас валютын арилжаа, ханшийн т алаар тодруулбал ихэнх нь хариулт өгөхөөс цааргалж, “Ханш өсч байгаа шалтгааныг мэдэхгүй ээ” хэмээн уцаарлангуй харьцаж байсан юм.
Валют сольж буй иргэд ханш өсч буй талаар шүүмжлэл хэлж харагдсангүй. Арилжаачдаас юань арай хямд авах талаар яриа хөөрөө хийсэн хүмүүс нэлээд олон таарсан юм.
Валют арилжааны зах зээлийн таван хувийг эзэлдэг “Найман шарга” төв рүү ороход нэг л лангуун дээр ам.доллар авч, зарж байлаа. Худалдагчаас хүмүүс валют хэр их солиулж байгаа талаар асуухад “Шинэ он гарснаас хойш оны өмнөх үеэ бодоход хүмүүс валют солиулах нь багассан. Энд зарж байгаа үнэ арилжааны банкуудын үнэтэй л адилхан байгаа. Гадаа зогсож байгаа наймаачдын валютын ханшийн үнэ харилцан адилгүй” гэв.
Тус төвийн гадна зогсдог арилжаачдын ам.доллар авах, зарах үнэ 3440 төгрөг байв. Харин “Найман шарга” төв доторх худалдаачдын ам.долларын авах ханш 3425 төгрөг байсан бол зарах нь 3433 төгрөг байсан юм.
Өнөөдрөөс яг нэг сарын өмнө ам.доллар худалдаж авах үнэ 3425 төгрөг, зарах үнэ нь 3433 төгрөг байсан бол өчигдөр оройноос “Найман шарга” валют арилжааны төв дээр авах үнэ нь 3445 төгрөг, зарах нь 3460 төгрөг болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш нэг сарын дотор 2027 төгрөгөөр нэмэгдсэн байна.
2024 оны эхний гурван улиралд ам.долларын ханш 3374-3382 төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Оны эхний дөрвөн сард 3376 төгрөгийн дундажтай байсан ч тавдугаар сараас 3381 төгрөг болж, бага зэрэг өссөн. Түүнээс хойш ам.долларын ханш эргэн тогтворжиж, өнгөрсөн аравдугаар сарын 10-ны байдлаар 3385 төгрөгийн ханштай байсан бол арваннэгдүгээр сарын 10нд Монголбанкны хаалтын ханшаар ам.доллар 3410 төгрөгт хүрсэн билээ.
Арилжааны банкуудын 2024 оны нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэлх ам.долларын ханшийн мэдээнээс харахад, 2024 оны нэгдүгээр сард ам.доллар 3428 орчим төгрөг байжээ. Үүнээс хойш тогтмол буурсаар 2024 оны 5-9 дүгээр сарын хооронд 33743398 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан аж.
Харин 2024 оны аравдугаар сараас хойш тогтвортой байсан ам.долларын ханш тогтмол өссөөр өчигдрийн байдлаар 3439 төгрөг болжээ. Бусад валютын хувьд тогтвортой байгаа талаар арилжаачид хэлж байв.
Доллар солиулахаар зогсож буй иргэн Д-гээс валютын ханшийн талаар асуухад “Долларын ханш оны өмнөхөөсөө ер нь л өссөөр байсан. Он гараад 3440 төгрөг болсон байна. Миний хувьд байнга ам.доллар аваад байдаггүй учраас эдийн засгийн хувьд дарамт бараг мэдрэхгүй л байна. Хүүхдийн өвлийн амралтыг тааруулаад гэр бүлээрээ хэд хоног гадагшаа аялаад ирэх төлөвлөгөөтэй байгаа юм. Хэрвээ ам.долларын ханш өссөөр байвал иргэдийн эдийн засаг, амьжиргаанд яаж нөлөөлөх нь ойлгомжтой шүү дээ” хэмээн хариулав.
Г.Балгармаа