Украины арми Оросын Курскийн бүсэд шинэ сөрөг довтолгоог эхлүүлээд байгаа талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс мэдэгджээ. Украины эрх баригчдын зүгээс ч мөн сөрөг довтолгоо явагдаж байгаа талаар мэдээлсэн байна.
Украины талаас өнгөрсөн оны 8 сард Курскийн бүсэд анхны сөрөг довтолгоо, дайралтыг эхлүүлж байсан бөгөөд тухайн үед багагүй газрыг эзлэж байсан. Гэвч сүүлийн саруудад Оросын зэвсэгт хүчин тухайн хэсэгт томоохон газар нутгийг хамран урагшилж, Украины цэргүүд ухрахад хүрсэн ч бүрмөсөн гаргаж чадаагүй юм.
Ням гарагт ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Telegram хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ “Москва-гийн цагаар ням гарагийн өглөөний 9 цагийн орчимд Курскийн чиглэлд хийж байгаа Оросын армийн дайралтыг зогсоох үүднээс дайсны зүгээс хоёр танк, нэг саад эсэргүүцэгч байлдааны техник, 12 ширхэг байлдааны хуягт машинаар сөрөг довтолгоог эхлүүлсэн” хэмээн мэдээлсэн байна.
Оросын цэрэг, дайны чиглэлээр нийтлэл бичдэг хэд хэдэн блоггерууд мөн Курск хотыг чиглэсэн зам дагуу байдаг Бердин болон Большое Солдатское зэрэг тосгонуудын зүг Украины зэвсэгт хүчин сөрөг довтолгоог эхлүүлсэн талаар илүү нарийвчилсан мэдээллүүдийг нийтэлжээ.
Украины ерөнхийлөгчийн албаны дарга Андрей Ермак, Украины хуурамч мэдээллийн эсрэг албаны тэргүүн Андрей Коваленко нар мөн Курскийн бүсэд хэд хэдэн чиглэлд сөрөг довтолгоо амжилттай явагдаж, Оросын тал хэцүү байдалд орсон гэх зэргээр мэдээлжээ. Гэхдээ яг галын шугаманд нөхцөл байдал ямар байгаа, Украины талаас сөрөг довтолгоог хэр далайцтай эхлүүлсэн талаарх мэдээлэл тодорхойгүй байна.