Азийн Олимпын Зөвлөлөөс 3 дахь удаагийн Азийн Залуучуудын Наадмын тов болон спортын төрлүүдийг зарлалаа. Нэр хүнд цар хүрээгээрээ Азийн наадмын дараа ордог Залуучуудын наадам энэ жилийн 10-дугаар сарын 22-ноос 31-ний өдрүүдэд Бахрейн улсад зохион байгуулагдахаар болсон байна.
Ази тивийн 45 орны 14-17 насны залуу тамирчид 21 спортын төрлөөр хоорондоо өрсөлдөх бөгөөд “Холимог тулаан”-ы спорт анх удаагаа наадмын хөтөлбөрт багтжээ.
Азийн залуучуудын анхдугаар наадам 2009 онд Сингапурт болоход Монголын баг 27 тамирчинтай оролцсон ч медаль хүртэж чадаагүй. Улмаар 2013 онд БНХАУ-ын Наньжин хотод болсон хоёрдугаар наадамд 65 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, гурван хүрэл медаль хүртэж байв.
2017, 2021 оны наадмууд тодорхой шалтгааны улмаас зохион байгуулагдаагүй. Ийнхүү 2025 онд Азийн Залуучуудын Наадам эргэн ирж байна.