АНУ-ын хойд хэсгийн нутгуудаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурч эхэлсэнтэй холбогдуулан Мэрилэнд, Виржиниа, Баруун Виржиниа, Канзас, Миссури, Кентаки, Арканзас гэсэн долоон мужид онц байдал зарлаад байна.
Хүйтэн цаг агаарын улмаас мөн тус улсад хамгийн багадаа 5 хүн амиа алджээ. Хохирогчдын дийлэнх нь үзэгдэх орчин хязгаарлагдсан, хальтиргаа гулгаа ихтэй зам дээр гарсан авто ослоор амиа алдсан байна. Дээр дурдсан мужуудад мянган гаруй зам тээврийн осол бүртгэгджээ. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас цахилгааны тасалдал үүсэх, авто замын зорчих хөдөлгөөнд саад үүсээд байна. Улмаар сургууль, цэцэрлэгүүд хаагдаж, 2000 гаруй нислэг цуцлагдаж, 6500 орчим нислэг хойшлогдоод байгаа ажээ.
Даваа гарагийн байдлаар цасан шуурганаас үүдэлтэй цахилгааны тасалдлын улмаас 260 мянга орчим оршин суугч цахилгаангүй болсон талаар poweroutage.us вебсайт мэдээлжээ.
Цаг уурчдын зүгээс агаарын хэм огцом буурсан, цасан шуурга шуурсан энэхүү цаг агаарын нөхцөл байдал ойрын хэдэн долоо хоногийн турш үргэлжилнэ хэмээн анхааруулжээ.
Даваа гарагт нийслэл Вашингтон хотноо зохиогдсон Д.Трампын сонгуулийн ялалтыг батлах Конгрессын хуралдааны үеэр 13-23 см өндөр цас орсон бол Мэрилэнд болон Виржиниа мужуудад 30 см цас орсон байна.