АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден 19 хүнд Эрх чөлөөний одон медаль гардуулжээ


Энэ сарын 4-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден 19 хүнд Эрх чөлөөний одон медалийг гардуулан өгсөн байна. Иргэдэд олгодог АНУ-ын хамгийн дээд хүндэт шагнал болох Эрх чөлөөний одонг гардуулах ёслолын арга хэмжээ Цагаан ордонд зохион байгуулагдсан бөгөөд урлаг соёл, улс төр, нийгмийн идэвхтэн гээд салбар салбартаа олон жил хөдөлмөрлөсөн 19 эрхэмд уг одон медалийг гардуулжээ.

Тодруулбал хувцас загварын Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур, Ирландын U2 хамтлагийн ахлагч, дуучин Боно (Пол Дэвид Хьюсон), Америкийн тэрбумтан, филантропч Жорж Сорос, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Оскарын шагналт Холливудын жүжигчин Дензел Вашингтон, “Ирээдүй рүү буцсан нь” киногоороо алдаршсан жүжигчин Майкл Ж.Фокс, Аргентин алдарт хөл бөмбөгч Лионел Месси, Los Angeles Lakers багийн домогт сагсан бөмбөгч асан Ирвин “Мэжик” Жонсон, алдарт загвар зохион бүтээгч Ральф Лорен, Америкийн кино институтийг үндэслэн байгуулагч Жорж Стивенс Жуниор, Кеннеди-гийн нэрэмжит төвийн захирал асан Дэвид Рубинштейн, World Central Kitchen-ий хүмүүнлэгийн зүтгэлтэн, тогооч Хосе Андрес, Их Британийн байгал хамгаалагч Жэйн Гудолл, шинжлэх ухааны боловсрол олгогч Билл Най, АНУ-ын ерөнхий шүүгч асан Роберт Ф.Кеннеди, АНУ-ын батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга асан Эш Картер, Мичиган мужийн захирагч асан Жорж В.Ромни, хүний эрхийн төлөөх идэвхтэн Фанни Лу Хамер, Тим Гилл нарт ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одонг гардуулжээ.

Дээрх 19 хүнээс АНУ-ын батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга асан Эш Картер, АНУ-ын ерөнхий шүүгч асан Роберт Ф.Кеннеди, Мичиган мужийн захирагч асан Жорж В.Ромни, хүний эрхийн төлөөх идэвхтэн Фанни Лу Хамер нарт Эрх чөлөөний одонг нэхэн олгосон байна.

U2 хамтлагийн дуучин Боно ядуурал болон ДОХ-ын эсрэг кампанит ажилд идэвхитэй оролцдог, Vogue сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур ДОХ-ын судалгаанд 20 гаруй сая ам.доллар босгож байсан, жүжигчин Майкл Ж.Фокс паркинсоны өвчний судалгаанд дэмжлэг туслалцаа үзүүлдэг гээд дээрх шагналтнууд бүгд л хандив тусламж, сайн үйлсийн ажилд оролцдог, улс орон болон дэлхий ертөнцийн төлөө үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан хүмүүс хэмээн Цагаан ордны зүгээс онцолжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *