Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2030 он хүртэлх шинэ бодлого, зорилт болон хуулийн шинэчлэлийнхээ талаар Эдийн засгийн клубийн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
————————————————————
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа тус банкны үйл ажиллагааг шинэчилж, цаашид шинэ бодлого зорилтоор ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг уулзалтын эхэнд онцлоод юун түрүүнд активын бүтцээ цэвэрлэж, эрх зүйн шинэчлэл хийхээр хуулийн төслийн үзэл баримтлалаа Засгийн газраар дэмжүүлж, хуулийн төслийг ХЗДХЯ-нд хүргүүлээд буйгаа танилцуулсан юм.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк нийт 7.6 их наяд төгрөгийн зээл олгосон бөгөөд үүний үр дүнд:
- Цахилгааны эрчим хүчний эх үүсвэрийг 312 МВт,
- Дулааны цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг 348 МВтаар нэмэгдүүлж,
- Цементийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг 3.3 сая тонноор өсгөж,
- Орон нутагт нийт 2,154 км
- Нийслэлд 123 км авто замын барилга, өргөтгөл, шинэчлэл хийсэн.
Гэвч банкны үйл ажиллагаа маш их хумигдаж, актив хөрөнгө 2017 онд 5.8 их наяд төгрөг байсан нь 60 орчим хувиар буурч, 2024 оны эцсийн байдлаар 2.37 их наяд төгрөг болсон байна. Зээл олгох, төсөл санхүүжүүлэх, эх үүсвэр татан төвлөрүүлэх үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхгүй зогсонги байдалд орж, хуримтлагдсан алдагдал 738.0 тэрбум, энэ жилийн алдагдал 220.7 тэрбум төгрөгт хүрсэн ба өөрийн хөрөнгийн зөрүүг нөхөхөд 700 тэрбум төгрөг шаардлагатай болоод буй аж.
Тиймээс цаашид банкны нөхцөл байдлыг богино хугацаанд сайжруулахын тулд юун түрүүнд активын цэвэрлэгээ хийж байгааг тус банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа хэллээ. Тэрбээр Хөгжлийн банкны захирлаар томилогдоод удаагүй байгаа ч богино хугацаанд тус банкны 2030 он хүртэлх стратеги зорилтуудыг шинээр тодорхойлж, хууль эрх зүйн шинэчлэлийг хийхээр хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газраар дэмжүүлснээс гадна чанаргүй зээлүүдийг шийдвэрлэх гол ажлуудыг хийгээд байна. Тодруулбал, Хөгжлийн банкны зээлийн багцад Засгийн газрын байгууллагууд, орон нутгийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудтай холбоотой нийт 805.7 тэрбум төгрөгийн зээл, хүүгийн авлага байгаагаас зөвхөн Засгийн газар өөрөө хариуцах төрийн өмчийн 489 тэрбум төгрөгийн зээл байгаа аж. Үүнтэй холбоотойгоор зээлийн эрсдэлээс хамгаалах зориулалттай, 770 тэрбум төгрөгөөр байгуулаад буй санд нэмж 200 гаруй тэрбум төгрөг байршуулах шаардлага үүсчээ. Нийслэлийн ЗДТГ-тай хамтран шийдэх 226.6 тэрбум төгрөгийн өр авлага, төсвөөс буюу Батлан хамгаалах яам, ХХААХҮЯ, Эрчим хүчний яамны шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой 168.2 тэрбум төгрөгийн зээл байгаа зэргийг эхний ээлжинд Засгийн газартай хамтран шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзэж, тогтоолын төсөл боловсруулан хүргүүлсэн байна. Энэ талаар З.Нарантуяа “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 6.3-т “Хөгжлийн банкны алдагдлыг нөөц сангийн хөрөнгөөр нөхөх боломжгүй тохиолдолд нэмэлт хөрөнгө олгох эсэхийг хувьцаа эзэмшигч шийдвэрлэнэ гэсэн заалтыг үндэслэн Хөгжлийн банкны дүрмийн санг 700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлсэн” хэмээн ярилаа.
Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд аливаа шийдвэр гаргалтад улс төрийн нөлөөллийг арилгаж, засаглалын хувьд сайжрах, ТУЗ мэргэжлийн түвшинд ажиллах, улс орны эдийн засгийн хөгжлийн гол институтийн хувьд татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн ханшийн эрсдэлийг төрөөс т одорхой хэмжээнд зохицуулах зэрэг чухал заалтуудыг тусгасан байна.
“Эдгээр шинэчлэлийг хийснээр Хөгжлийн банк цаашид хөгжлийн гол институтийнхээ үүргийг биелүүлж ажиллах нөхцөл бүрдэнэ. Улмаар зөвхөн санхүүгийн хувьд бус эдийн засаг талаасаа үр ашигтай, ач холбогдол бүхий, эрчим хүч, хөдөө аж ахуй, тээвэр логистик зэрэг томоохон гол салбаруудыг дэмжиж ажиллана. 2025 онд л гэхэд бид хоёр их наяд төгрөгийн төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр төлөвлөөд буй. Бид төслийг хэрхэн санхүүжүүлдэг, эдийн засагт яаж үр өгөөжөө өгдгийг бодитойгоор харуулахаар ажиллаж байна” хэмээн гүйцэтгэх захирал З.Нарантуяа онцоллоо.
М.Мөнх