Канадын ерөнхий сайд Ж.Трюдо огцорч байгаагаа мэдэгдэв


Канадын ерөнхий сайд Жастин Трюдо албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч байгаагаа даваа гарагт нийслэл Оттава хотноо хэвлэлийн бага хурал хийж, зарлан мэдэгджээ. Тэрээр мэдэгдэлдээ түүний тэргүүлдэг Либерал нам дараагийн даргаа сонгож, парламентыг тараах хүртэл буюу 3-р сарын 24-ний өдөр хүртэл засгийн газрын тэргүүний үүрэгт ажлаа гүйцэтгэсээр байх болно гэдгээ хэлсэн байна.

Өөрийн тэргүүлдэг нам дотор өсөн нэмэгдсээр байсан дарамт шахалтын үр дүнд ийнхүү 9 жил Канад улсыг удирдсаныхаа дараагаар Жастин Трюдо албан тушаалаасаа огцрохоор болж байна. Түүнчлэн Канадын ард түмний дунд Ж.Трюдо-гийн нэр хүнд унасан явдал нь энэ оны сүүлээр явагдах холбооны сонгуульд оролцох Либерал намд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа учраас түүнийг намын даргын суудлаас буулгах нам доторх улс төрийн дарамт шахалт нэмэгдсэн ажээ.

Эрх баригч Либерал намын ерөнхийлөгч Сачит Мехра хэлэхдээ Ж.Трюдо-гийн огцрох шийдвэртэй холбогдуулан намын шинэ тэргүүнийг сонгох үйл явцыг эхлүүлэх асуудлаарх намын удирдах зөвлөлийн уулзалтыг энэ долоо хоногт зохион байгуулна гэжээ. Тэрээр мэдэгдэлдээ “манай улсын либералчууд Жастин Трюдо-гийн арав орчим жил энэхүү намыг болон улс орноо удирдсан явдалд туйлын талархалтай ханддаг” хэмээн дурьдсан байна.

Харин сөрөг хүчний Консерватив намын дарга Пьер Пулиевр “Жастин Трюдо огцорч, Либерал намын даргаар шинэ хүн томилогдлоо гээд улс оронд юу ч өөрчлөгдөхгүй” хэмээн хэлсэн байна.

Өдгөө 53 настай Ж.Трюдо-гийн хувьд түүнтэй он удаан жил хамтарч ажилласан, шадар сайд Кристиа Фриланд өнгөрсөн 12-р сард албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасны дараагаар түүний эсрэг нам доторх дарамт шахалт нэмэгдэж, огцрохыг шаардаж эхэлсэн юм. Кристиа Фриланд огцрох өргөдөлдөө АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампын Канадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн сүрдүүлгийн эсрэг Ж.Трюдо-г дорвитой зүйл хийж чадаагүйг онцолсон билээ. Д.Трампын хувьд Канадын импортын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаа амласан бөгөөд хэрвээ үнэхээр АНУ-ын шинэ засаг захиргаа ийм татварын арга хэмжээ авбал Канадын эдийн засагт ноцтой хохирол учруулах болно гэдгийг эдийн засагчид анхааруулж байгаа юм.

Канадын эрх баригч Либерал намын хувьд 2019 оноос хойш цөөнхийн засгийн газрыг байгуулан улс орноо удирдсаар байгаа ба шадар сайдын огцрох мэдэгдлийн дараагаар эрх баригч нам зүүний Шинэ Ардчилагчид нам болон Квебек мужийн үндсэрхэг үзэлт Блок Квебекуа намын дэмжлэгийг алджээ. Түүнчлэн улс төрийн хамгийн том сөрөг хүчин болох Консерватив нам сүүлийн саруудад явагдсан судалгааны дүнгээр Либерал намаас хавь илүү саналыг аваад байгаа нь ирэх намрын сонгуульд Либерал нам ялагдал хүлээж магадгүй гэсэн дохиог өгөөд байгаа юм.

Тиймээс эрх баригч Либерал намын хувьд ирэх 10-р сарын 20-нд явагдах холбооны сонгуульд тус намыг ялалтад хүргэх чадалтай тэргүүнийг сонгох нь хамгийн чухал асуудал болон хувираад байна. Эх сурвалжуудын мэдээлснээр намын даргын сонгууль чөлөөт зарчмаар явагдах бөгөөд Ерөнхий сайдын албанаас ямар нэгэн байдлаар хөндлөнгийн оролцоо байхгүй, зөвхөн намын гишүүдийн сонголтоор шийдэх болно гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *